Булганы боомтоор барилгын материал, бараа бүтээгдэхүүн импортлох боломжийг бүрдүүллээ

ALs
2021 оны 8-р сарын 20 -нд

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх албан томилолтоо Ховд аймгаас эхлүүллээ.
Тус аймагт Коронавирусийн халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж.
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудтай хил залгадаг Дарви, Эрдэнэбүрэн, Мянгад сумдын хяналтын цэгт Улаанбаатар хот болон өөр аймгийн нутаг дэвсгэрээс ирж байгаа иргэдээс түргэвчилсэн тест болон PCR-ийн шинжилгээ авч, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгааг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт хэллээ.
Булган сумын Булган хилийн боомтоор одоогийн байдлаар 1708669,85 тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг Аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгасан юм.
Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа уламжлав. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлэв.
“Цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд Хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа.
Ялангуяа Баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” хэмээн онцоллоо.
Шадар сайд С.Амарсайхан албан томилолтынхоо хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой салбарын тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна