БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ГАДААДАД СУУХ ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗЛАА

Отгоо
2021 оны 8-р сарын 25 -нд

Байгаль орчин, аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, олон улстай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд гээд өргөн хүрээнд мэдээлэл өгч, шаардлагатай асуултад хариулт өглөө.

Тухайлбал Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс үүдэлтэй тоосжилт нь хөрш орнууд, цаашлаад бүс нутгийн хэмжээний томоохон асуудлын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол, Усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зэргийг танилцуулсан юм.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 70 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.48 хувийг эзэлдэг. Хөвсгөл нуурын экосистемийн тэнцлийг хангах, бохирдол хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах нь үндэсний төдийгүй олон улсын хувьд ч чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах ажлын судалгааг эхэлсэн. Гадаад харилцааны яамны шугамаар ОХУ-ын Онцгой байдлын яаманд хандах, Эрхүү хотын Сибирийн онцгой байдлын газартай холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтийг тавих нь зүйтэй гэж үзэж байгаагаа Н.Уртнасан сайд илэрхийлээд ОХУ-д томилогдон ажиллах Ө.Энхтүвшин сайдад энэ асуудлыг анхааралдаа авч хамтран ажиллахыг тусгайлан хүсэж онцлон тэмдэглэв.

Монгол Улсын газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 5-8 мянган га талбайд ойжуулалт хийж байна.

Ирэх 4 жилд ойн менежментийг сайжруулан 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6% хүргэх зорилготой ажиллаж байгаа. БНСУ шар шороон шуургатай, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажилладаг. Ногоон хэрэм барьж байгуулах, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр Зүүн хойд азийн бүсийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай  байгааг онцоллоо.

 

Дэлхий нийтийг хамарсан Корона вируст цар тахлын үед хамгийн их хохирол амсаж байгаа салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн 9 зорилтыг тусган ажиллаж байна.  Аялал жуулчлалын бүсчлэлийг тогтоох нь чухал гэж үзэж зургаан бүсэд хуваасан. Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, жуулчдын урсгалыг богино хугацаанд буцаж бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаагаа онцоллоо.

Гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах тодорхой чиглэлүүдэд нэгдсэн зохион байгуулалтаар анх удаа Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлогоор хамтран ажиллахаар болсон.

Аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох гол зорилгод хүрэхэд та бүхний туслалцаа, хамтын ажиллагаа их чухал.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна