Баянзүрх дүүргийн 60 хувийг гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг. Шахмал түлшийг зөв хэрэглээгүй, хангалттай мэдээлэл байхгүйгээс гэртээ угаартах эрсдэл гардаг. Энэ нь иргэд шахмал түлшийг зөв хэрэглэх мэдээлэл муутай, угаар мэдрэгчийг зааврын дагуу ашиглаагүй зэргээс үүдэлтэй.
Иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор нийслэл, дүүргийн хэмжээнд энэ чиглэлийн сургалт, арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Таван толгой түлш ХХК-тай хамтран сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтын систем, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгуулж байна.
Дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш хэрэглэдэг 20 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар танхимаар хамрагдаж дараагийн шатанд цахимаар 1220 гаруй орон тооны бус гэрээт ажилчид тус сургалтанд хамрагдана.
Сургалтын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, ашиглах, хадгалах, угаарын хий мэдрэгч, төхөөрөмжийн ажиллагаа, зааварчилгаа мэдээллийг иргэдэд хүргэх, айл өрхүүдэд зуухны стандарт, зөв галлагааг мөрдөх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах заавар зөвлөгөө өгсөн юм.
Энэ үеэр дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б. Батбаяр "Мэдээж энэ шахмал түлшийг шалгах, түлшээ зөв хэрэглэж чадаж байгаа эсэхээ мэддэг байх, угаарын хий мэдрэгчийг цуг ажиллуулах, бүрэн бүтэн байдлыг хангах гээд хүн харахад жижиг юм шиг мөртлөө хайхрамжгүй хандахад асар том эрсдэлийг дагуулж байдаг. Манай хорооны Засаг дарга, зохион байгуулагч нар, мөн албан бус гэрээт ажилчид маань энэ сургалтанд идэвхтэй хамрагдаж, цаашаа иргэдтэйгээ тулж ажиллах нь чухал юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна