УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзав

Отгоо
2021 оны 9-р сарын 07 -нд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Вена дахь НҮБ-ын салбар төвд 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр зочилж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзалт хийв.

Манай улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, хүрээлэн буй орчны салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ЮНИДО-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тодорхой үр дүн гарч байгааг УИХ-ын дарга сайшаав.

Дэлхийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгуулагатай хамтран үйлдвэрлэлийн хөгжил, экспортыг дэмжих чиглэлээр Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд ЮНИДО хувь нэмрээ оруулж байгааг Ерөнхий захирал   Ли Ёнг дурдаж, “Экспортыг дэмжих төсөл (EDP)”-ийн “Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах” төсөл нь хамтын ажиллагааны шинэ боломж юм гэдгийг онцлов.

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах нэгдсэн парк/бүс байгуулахад үзүүлэх дэмжлэг–3 үе шаттай” төсөл, “Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн кластерт ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг дэмжих төсөл”-ийг манай улс     ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиролцоод байгаа бөгөөд тэдгээрийг үр дүнтэй шуурхай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ талууд нотлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо болох “Парламентын дарга нарын дэлхийн V бага хурал”-д оролцоно.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна