Шадар сайд 45-р сургуулийн халдвар хамгааллын нөхцөл байдлын талаар багш, сурагчидтай уулзаж ярилцлаа

ALs
2021 оны 9-р сарын 08 -нд

Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн халдвар хамгааллын нөхцөл байдлын талаар багш, сурагчидтай уулзаж ярилцлаа.
Тус сургуулийн хувьд 1960 хүүхэд хоёр хуваагдан, цахим болон танхимын хичээлд хамрагдаж буй бөгөөд сургуулийн орчинд халдвар бүртгэгдээгүй аж.
Гэрийн орчинд халдвар авсан 4 сурагч цахимаар суралцаж байна. Хичээл бүрийн хооронд 10 минутын завсарлага гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар 45 дугаар сургуулийн захирал Н.Наранчимэг хэллээ. Тус сургуулийн эцэг, эхчүүдийн зөвлөлөөс зарим ангид халдваргүйжүүлэлтийн мананцар төхөөрөмж, агаар цэвэршүүлэгч, гар ариутгагч зэргийг авч өгчээ.
Халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед багш, эцэг эхчүүд, Сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд хамтдаа хичээж хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс анги танхимыг тогтмол агааржуулах, амны хаалт зүүлгэх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд анхаарахын зэрэгцээ сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хүргэх нь чухал гэдгийг Шадар сайд онцолсон юм.
Тэрээр “Цар тахлын амаргүй нөхцөлд танхимаар хичээллэхэд хүндрэл бэрхшээл багагүй тулгарна. Гэсэн хэдий ч төр засаг, сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд бүгд хамтарч ажиллавал халдварыг эрсдэл багатай даван туулах боломжтой. Ялангуяа вакцинд хамрагдаагүй бага ангийнхныг эрсдэлээс хамгаалж, халдвар хамгааллыг мөрдүүлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнуудын оролцоо нэн чухал” хэмээлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна