Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна

ALs
9-р сарын 10 -нд

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд "Ковид 19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 22 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас PCR шинжилгээ авахгүй байна гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүл мэндийн сайдын 2021 оны  есдүгээр сарын 3-ны А/547 тушаалын дагуу шинж тэмдэггүй ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоох, түргэвчилсэн тестийн эерэг хариуг PCR шинжилгээ шаардахгүйгээр батлагдсан тохиолдлоор бүртгэхээр шийдвэрлэсэн. Мөн эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрсэн хавьтлыг түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүйгээр эмчилгээнд хамруулах, ойрын хавьтлуудын зургаа дахь хоногийн тандалтыг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар заасан юм. Жирэмсэн болон суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, мэс заслын эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй, эрсдэлт бүлгийн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа.

-Ирэх долоо хоногоос их, дээд сургуулиудын үйл ажиллагаа эхэлнэ. Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол хэрхэх вэ?

-2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн гээсэн, гэмтсэн картыг нөхөн олгох үйлчилгээг үзүүлж байна. Энэ үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж байгаа. Наймдугаар сарын 25-наас эхлэн нийт 2100 картыг оюутнуудад олгоод байна. Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутнууд картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, өөрийн биеэр баримтыг авчран, үйлчилгээ авна. Хаясан, гээсэн, нөхөн олгох картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс олгосны дараа оюутнууд сургууль дээрээ очиж, сунгалт хийлгэх ёстой. Цахим төлбөрийн картыг шинээр олгох ажлыг их дээд, сургуулиудын захиргаа, сургалтын алба зохион байгуулна.  

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна