Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

ALs
2021 оны 9-р сарын 10 -нд

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2021.09.10) хүрэлцэн ирлээ. 

Төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Жүльен Попер болон албаны бусад хүмүүс угтан авчээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Вэрн нар багтаж байна. 

Албан ёсны айлчлалын хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газрын гишүүдтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монголд хийж буй анхны албан ёсны айлчлал юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна