Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа

Отгоо
2021 оны 9-р сарын 11 -нд

    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн хуралдаан өнөөдөр ( 2021.09.10 ) боллоо. 

    Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл багтжээ. 

    Улсын Их Хурал 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж  эхэлснээс хойш есөн жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдэд нийт
38407 тоон гарын үсэг олгосон байгаа нь тус хуулийн хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

    Иймд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тоон гарын үсэгтэй холбоотой харилцааг зохицуулж, хуулийн этгээд бүртгүүлэх, банк, санхүү, сонгууль, татварын бүртгэл хийх зэрэг гарын үсэг шаардаж байгаа аливаа үйлчилгээг төрийн байгууллагаас цахим хэлбэрээр авахад болон бусад үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээр тусгажаа. Ингэхдээ тоон гарын үсгийг тохиромжтой гэж үзсэн хэрэгсэл буюу иргэний үнэмлэхийн санах ой, гар утасны сим картанд тоон гарын үсгийг байршуулах боломжтой болохоор зохицуулжээ. Мөн хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд гарын үсэг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлж хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна. 

    Ажлын дэд хэсгийн хуралдаанд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл болон албаны бусад хүмүүс оролцож, хуулийн төслийг зүйл, заалт бүрээр нарийвчлан ярилцлаа.

    Уг хуулийн төслийг www.parliament.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд холбогдох саналаа ажлын хэсэгт ирүүлэх боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна