Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд” хоёр дахь өдрөө үргэлжиллээ

ALs
2021 оны 9-р сарын 18 -нд

2006 оноос хойш жил болгон ХХААХҮ-ийн яам, Засгийн газартай хамтран “Намрын ногоон өдрүүд” худалдааг зохион байгуулж байна. Хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид энэ үйл ажиллагаанд оролцдог. Энэ жил арван тав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа нэгдсэн арга хэмжээнд өглөө очиход оролцогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг тойруулан байрлуулсан асар руу зөөж, өрж байв.  Энэ хооронд худалдан авагчид ганц нэгээрээ ирж, бүтээгдэхүүн сонирхон, ариутгалын багууд ариутгалаа хийж байв. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хоёр хаалгаар нэвтэрнэ. Дотогш ороход биеийн халуун хэмжив.     

НМХГ гэсэн логотой, цэнхэр хувцастай хүмүүс асруудаар явж, шаардлага тавьцгаана. Хүнсний ногооны асруудыг  ажиглахад голдуу настай хүмүүс харагдлаа. Цааш явахад цагаан өнгийн халаад, эмнэлгийн хувцастай хүмүүс байсан нь малын эм, мал эмнэлгийн хэрэгслүүд худалдаалдаг байгууллагынхан аж. Гүний худаг гаргадаг, гүний худгийн тоног төхөөрөмж борлуулдаг “Эрдэнэ-Эх” компани ч байрласан байв. Удалгүй нээлт эхэлж, зочид төлөөлөгчид тайзны өмнө сууцгаав. Хөтлөгч мэндчилж урилгаар ирсэн зарим зочдыг танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, НҮБ-ын Монгол улсад  суугаа суурин зохицуулагч Тапан Мишра, Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Т.Гантөмөр нар үг хэллээ.ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:-ХХААХҮ-ийн яамныхан Намрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээг 2006 оноос хойш уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн. Цар тахлын энэ хэцүү цагт үйлдвэрлэгч хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд арван тав удаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тулгуур болсон мал аж ахуйн салбарын 2020-2021 оны өөрчлөлтийг тодорхойлж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, индексжүүлсэн даатгалд хамруулах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлэв. Мөн цар тахлын үед ургацаа бүрэн авах  зорилгоор 3000 орчим иргэнийг  ургац хураалтад оролцох боломжийг бүрдүүлсэн.


Цаг үеийн ажилтай зэрэгцэн ХХАА-н эрх зүйн орчныг сайжруулахаар  дараах хуулийн төслийг боловсруулж олон нийтийн саналыг авч байна. Үүнд Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл, Зохицуулах үйлчилгээ, хүнсний тухай хууль, Хүнсний зориулалттай хуванцар савны үйлдвэрлэлийн зохистой байдлын тухай, Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа тээврийн зохицуулалт зэрэг орно.

ХХАА-н салбарын  урт хугацааны хөтөлбөрийг эхлүүлж, техник технологийн шинэчлэл хийх зорилгоор энэ онд 60 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Эдгээрийн үр дүнг танилцуулах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох Намрын ногоон өдрүүд арга хэмжээг эхлүүллээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн 360 гаруй аж ахуй нэгж оролцож байна.Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Т.Гантөмөр:-ХХААХҮ-ийн салбарт сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа та бүхэнд болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт намрын ногоон өдрүүдийн мэндийг НИТХ, Засаг даргын өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлье. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид болон тариаланчид, ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийг дэмжих шилдэг бараа бүтээгдэхүүн эх орны хөрсөнд ургасан шинэ ургац ногооны дээжийг хэрэглэгчдэд хүргэх энэ үйл ажиллагааг хотын захиргаа хамтран зохион байгуулж ажиллаж ирсэн. ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвөл зуны хүлэмжийг болон зоорийн аж ахуйг бэхжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангана гэж 2020-2024 оны зорилтод тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжих, хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах нөөцлөх, даршлах боломж олгох, дархлааг дэмжих зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийслэлийн захирагчийн алба, ХХААХҮЯ хамтран нийслэлийн 9 дүүргийн 25 байршил, долоон аймаг, долоон дүүрэгт  12 сумын 349 тариалан эрхлэгчийг хамруулан энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна гэв. Нээлтийн дараа энэ намрын өнгийг илтгэхээр үндэсний хувцас үйлдвэрлэгчид загвараа танилцууллаа. Энэ жил халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин задгай талбайд болж байгаагаараа давуу талтай. Орон нутгаас бүтээгдэхүүнээ авчирсан аж ахуйн нэгжүүд ч байна. Мөн үндэсний томоохон үйлдвэрлэгч нар ч оролцлоо. Эндээс иргэд сонирхсон бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр авах давуу талтай. Тус өдөрлөг бол үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжих зорилготой.

Худалдаа эрхлэгч, шилдэг ногоочин н.Цэцэгмаа: Энэ үзэсгэлэнд Хөвсгөл аймгаас 15 дахь намраа оролцож байна. Цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан сайхан зохион байгуулжээ. Өөрийн тариалсан дөч тавиад эмийн ургамал, долоон төрлийн хүнсний ногоотой оролцож байна. Энэ бүгд манай аймгийн бренд ургамал байгаа. Худалдан авагч: Би анх удаа ирлээ. Сайхан бүтээгдэхүүнүүд дэлгэжээ, сэтгэл хангалуун байна гэсэн юм. Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд маргааш 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна