Оюутнууд сайн дураараа III тунд хамрагдаж байна

Отгоо
Ням, 12:31 минут

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг III  тунгийн вакцинд хамруулаад байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд нар нэмэлт вакцинжуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Орон нутгийн зарим оюутнууд дархлаажуулалтын цэгийн байршлыг мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс оюутны дотуур байранд дархлаажуулалтын явуулын баг ажиллах нь үр дүнтэй байна гэдгийг Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис хэллээ.

 2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд 500 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр сурагчдаас сайн дурын үндсэн дээр вакцины III  тунд хамрагдах 450 гаруй сонсогчдыг өнөөдөр нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа. Баянзүрх дүүргийн  Эрүүл мэндийн төвөөс 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж,  оюутнуудыг III  тунд хамруулж байгаа юм. Мөн Монголын оюутны холбооноос оюутнуудыг сайн дураараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна