23 настай Америк бүсгүй дэлхийн бүх улс орноор аялсан хамгийн залуу хүн болжээ

Отгоо
2021 оны 10-р сарын 10 -нд

Саяхан АНУ-ын Калифорни мужийн Невада Сити хотын 23 настай оршин суугч Лекси Алфорд дэлхийн бүх 196 орноор хамгийн залуудаа аялсан анхны хүн болж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлжээ.

Ингэхдээ тэр эмэгтэй хүн ганцаараа дэлхийн аль ч улсад аялж болдгийг батлан харуулах зорилгоо биелүүлсэн байна.

Агаар, ус, газраар аялсан Лекси их зүйлийг нүдээр харах боломж олгодог галт тэргийг өөрийн хамгийн дуртай тээврийн хэрэгсэл гэж нэрлэжээ.

Тэрбээр дэлхийн дээд амжилтыг тогтоохын тулд сүүлийн гурван жил тасралтгүй аялсан юм байна.

Гэхдээ Лекси хүүхэд байхдаа дэлхийн 70 гаруй оронд очиж үзээд байсан гэнэ. Түүний ээж аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байсан нь үүнд нөлөөлжээ.

Дараа нь Лекси зургаан жилийн турш мөнгө цуглуулж, коллежоо төгссөний дараа дэлхийн үлдсэн бүх улс орноор аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна.

Аялахад маш олон бэрхшээл тулгарч байсны нэг нь Венесуэль, Пакистан зэрэг улсуудад нэвтрэх виз олж авах байсныг тэр ярьжээ. Зарим улсуудын визийг авахын тулд хэдэн сар хүлээдэг байсан гэнэ.

“Түүхийн хамгийн олон дурсгал маш сайн хадгалагдаж үлдсэн улсыг би Египет гэж хэлнэ. Нутгийн иргэдийн зочломтгой зан, сайхан сэтгэлээрээ Пакистаны умард хязгаар намайг бишрүүлсэн” гэж Лекси ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Миний бодлоор дэлхийн хамгийн давтагдашгүй өвөрмөц арал бол Исланд. Энэ бол гал, мөсний эх орон. Байгалийн хамгийн үзэсгэлэнт газар бол Венесуэлийн “Angel Falls” хүрхрээ юм” гэсэн байна.

Дэлхийн бүх улс орноор аялж, янз бүрийн хүмүүстэй уулзаж, төрөл бүрийн соёл, уламжлалтай танилцсан нь сайхан байсан ч хамгийн гол нь бие даасан, хараат бус байх цоо шинэ мэдрэмжийг олж авсан нь хамгийн чухал зүйл болохыг Лекси онцолжээ.

 

Эх сурвалж: Business Insider


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна