Г.Занданшатар: Байгалиа хамгаалах, хайрлах нь мод тарихаас эхэлнэ

Отгоо
Ням, 12:45 минут

Монгол Улсын Ерөхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих уриалгад Чингэлтэй дүүрэг нэгдэж, өнөөдөр

 /2021.10.09/ тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хайрхан” хөгжлийн төв орчим 10 мянган мод тарих ажлыг эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн удирдлагууд болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид оролцлоо.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мод тарих хөдөлгөөнд хүн бүрийг идэвхтэй оролцохыг уриалаад “Дэлхий дээр өдөр бүр олон сая модыг огтолж байдаг. Тэр хэмжээгээрээ бид нөхөн тарьж, ургуулж байх хэрэгтэй. Дэлхий нийтийг хамарсан цөлжилт, цаг агаарын өөрчлөлт нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг хүн бүр мэдэрч, харж байна. Тийм учраас байгалиа хамгаалах, хайрлах нь мод тарихаас эхэлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод тарих том зорилт дэвшүүлсэн нь нэг удаагийн компанит ажил биш урт хугацааны турш хийгдэх ногоон хөгжлийн төлөөх ажлын эхлэл. Модоо тариад орхилгүй, ургуулахад бүгд анхаарах ёстой. Дэлхий даяарх уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж байгаа энэ цагт бид байгаль орчныхоо төлөө зайлшгүй хийх ёстой ажил нь мод тарих. Иймээс хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Цаашид олон жил тогтвортой тарьж, ургуулна” хэмээв.

Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж. 


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна