Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

ALs
Лхагва, 10:33 минут

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ.

“Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй уг өдөрлөгт есөн дүүргийн 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлдэг. Тухайлбал, 43 мянган аж ахуйн нэгжид 700 мянган хүн ажилладаг. Цар тахлын нөлөөнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь өртсөн гэдэг судалгаа гарсан. Тиймээс хамгийн их ажлын байр хадгалж байгаа, эдийн засгийн эргэлтийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж, урам өгөх ёстой” хэмээв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Цар тахлын улмаас захиалагч нар багасан, үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед ийм үйл ажиллагаа маш их хэрэгцээтэй байгаа. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна” гэдгээ хэлж байв.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн хамтран ажилладаг олон улсын “HIS Mongolia” ХХК, Монгол-Японы төв зэрэг байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр нээсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна