ДҮҮРГИЙН ЗҮГЭЭС ЗӨВ САНАЛ, САНААЧИЛГЫГ ДЭМЖИНЭ

ALs
2021 оны 10-р сарын 13 -нд

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэд, олон нийтийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийлээ. Энэ удаагийн уулзалтын үеэр барилга, зам, бүтээн байгуулалтын салбарын “Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” ТББ-ын тэргүүн Б.Ганзориг хэд хэдэн асуудлыг дүүргийн Засаг даргад тавьсан бөгөөд дүүргийн зүгээс тодорхой чиглэлүүдэд дэмжиж хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Одоогоор уг салбарт мэргэшсэн хүний нөөц дутагдах эсвэл ажилтан хөдөлмөрийн хөлсөө шударгаар үнэлүүлж чадахгүй байх, хууртагдах зэрэг асуудал нүүрлээд буй. Түүнчлэн ажилтан болон ажил олгогч зуучилдаг хэсэг бүлэг хүмүүс дундаас нь ашиг хүртэх зорилгоор хөдөлмөрийн хөлсийг доод хэмжээнд барьж, ажилчдыг хохироох нь хэвийн үзэгдэл болсон.

Өнөөдрийн байдлаар тухайн өдрийн ажлын хөлс 40-50 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэтэл энэ үнэлэмжийг 150 мянга хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Энэ асуудлыг шийдэхээр дээрх мэргэжлийн холбоог байгуулсан байна. Улмаар хүний нөөцийг чадавхжуулан ОУ-ын болон Хөдөлмөрийн яамны харьяа Мэргэжил, үнэлгээний сургалтын төвийн сертификат олгож мэргэшүүлэх боломжтой болгожээ.

Холбооны тэргүүн Б.Ганзориг хэлэхдээ “Тухайн дүүрэг, орон нутагт хийж буй бүтээн байгуулалтыг харьяалагдах иргэд нь хийдэг байя. Тийм байхын тулд бид бүгд боломж гаргаад, боловсон хүчийг бэлдэнэ. Гадны жишигт нийцүүлсэн цалингийн ядаж 50 хувьд нь дүйцүүлсэн цалин хөлсийг тогтоох боломж байна” гэв.

Дүүргийн Засаг даргын зүгээс холбогдох эрх зүйн орчинд нийцүүлэн залуусын зөв санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн юм. Уг холбоо нь цаашид 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна