УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргаар бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байна

ALs
2021 оны 10-р сарын 13 -нд

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссыг нэгтгэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабыг байгуулжээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, болзошгүй газар хөдлөлт болон гамшгийн хор уршгийг арилгах, салбар дундын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах үүрэг бүхий Нэгдсэн шуурхай штабыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан.

Тус штабын даргаар бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2021.10.13/ УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллах гамшгаас хамгаалах алба, тусгай чиг үүрэг бүхий холбогдох төрийн байгууллагын удирдлага,  мэргэжилтнүүдтэй уулзаж, штабын цаашдын зорилго, үйл ажиллагааны чиглэл, хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгчээ.

Мөн Нэгдсэн Шуурхай штабын удирдлагууд нийслэлийн дүүргүүдийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын мэдээлэл солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцжээ. Тухайлбал, дүүрэг бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ижил түвшинд үзүүлэхэд ямар зохицуулалт хийх боломжтой талаар санал солилцож, явуулын амбулатори байгуулах талаар зөвлөлдсөн байна.

Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана" гэв.

Түүнийг УОК-ын Шуурхай штабын даргын ажлаас өнгөрөгч гуравдугаар сард чөлөөлж хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилсон. Гэвч дөрөвдүгээр сард энэ томилгоог дахин өөрчилж Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж түүний оронд Ц.Ганзоригийг томилж байв.

Ташрамд мэдээлэхэд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж хурандаа Б.Ууганбаярт бригадын генерал цол олгосон билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна