Цэрэг татлага энэ сарын 15-наас 30-ны өдрүүдэд явагдана

ALs
2021 оны 10-р сарын 14 -нд

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  4-т “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан нь иргэн бүр цэргийн алба хаах харилцааны эрх зүйн суурь зохицуулалт болдог.

Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн Монгол Улсын иргэний цэргийн жинхэнэ алба хаахтай холбогдох харилцааг Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хууль болон бусад хуулиар зохицуулж байна.

Цэргийн албаны тухай хуулиар хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлдэг.

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Зөрчлийн тухай Монгол улсын хуулийн 15.17 дугаар зүйлд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт үйлчилж байна.

2021 оны ээлжит цэрэг татах ажлыг 10 дугаар сарын 15-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жилийн цэрэг татлага нь цар тахлын амаргүй нөхцөл байдалд явагдаж байгаагаараа  онцлог байна.

Үүнтэй уялдуулан иргэдийг цэрэг татлагын байраар баг, хороогоор нь тодорхой хуваарийн дагуу оруулах, цэргийн албанд тэнцсэн иргэнийг аймаг, дүүргээс шууд цэргийн нэгтгэл, ангид хүргэх, оршин суугаа газарт аль болох ойрхон цэргийн нэгтгэл, ангид хуваарилах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна