Цогтцэций-Чойрын замд ЗТХ-ийн сайд, малчид, тээвэрчид уулзаж ярилцахаар болов

ALs
2021 оны 10-р сарын 15 -нд

Цогтцэций-Чойрын замын нөхцөл байдалтай ЗТХЯ, малчид, тээвэрчид хамтарч танилцахаар болов

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгойн ордоос Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Малчид, “Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцэж байна. Шороон замаар хийж буй тээвэрлэлтийн улмаас газар нутаг, ус бэлчээр доройтохоос гадна мал, малчдын эрүүл мэнд, ан амьтан, өвс ургамал бүгд сүйдэж байна. Говийн малчин ард түмэн хүнд даацын машины замын шороо тоосон дунд байх болчихлоо. Холын бараа харагдахгүй шахам тоосон тунд төөрөхөөс наахнуур малаа адуулж байна.

Хойноос салхилсан ч, урдаас салхилсан ч битүү тоос шороо. Үүнийг дарга, сайд анхааралдаа авч, бодит байдалтай танилцаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 10 дугаар сарын 2-нд гаргасан Цогтцэций-Чойрын чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг бид дэмжиж байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж “Баянзам” тээвэрчдийн холбооныхон Сүхбаатарын талбайд шалаанзтай эсэргүүцлээ илэрхийлснийг бид дуулаад нийслэлд ирсэн. Сүхбаатарын талбай дээр зогсоосон тийм том шалаанз манай нутгаар өдөрт 100-200-гаараа цувж байна. “Баянзам”-ынхан 4 тэрбум төгрөгөөр зам тавьж, янзалсан гэж ярьж байна билээ. Огтхон ч тийм зүйл байхгүй. Газрын хөрсийг хуссаныгаа зам гээд байна” гэлээ.

Сайд Л.Халтар, Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойрын зам дагуу хамгийн ихдээ 10 орчим км-ийн өргөн зурвастай олон салаа зам гаргаж, хөрс сүйтгэсэн. Төв суурин газраар их явж шороо тоосоор дарсаар суурин газрын иргэд оршин суухад хүндрэлтэй болсон. Айлын өвөлжөө хаваржааны хажуугаар явдаг. Том даацын машин мэдээж эвдэрч, саатна. Тэгэхдээ тос масло асгаж, орон нутгийн зам дагуу хогоо үлдээгээд явдаг гэх мэт олон бэрхшээл тулгардгийг нутгийн иргэд мэдээлдэг. Тиймээс энэ чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гаргасан. Одоо хэн нэгэн рүү бурууг чихэх биш, Зам, тээврийн хөгжлийн яам, Цогтцэций-Чойрын чиглэлд шороон замаар нүүрсний тээвэр хийж буй “Баянзам” тээвэрчдийн холбоо, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөл хамтарч нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг хамт явж үзэж танилцахаар тогтлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна