-Юун түрүүнд сүүлийн үеийн сонин сайхнаасаа яриагаа эхлүүлье.
Ц.А: Сүүлд гэвэл КОВИД-19 гарахаас өмнө “Хар сувдны нууц-2” УСКиногоо Турк улсад хийгээд ирсэн. Яг зураг авалт дуусаад ирэхэд цар тахал гарсан. Түүнээс хойш яг кино театрт зориулсан уран бүтээл гаргаагүй. Тэгээд мэдээж өвчин гарснаас хойш зах зээлийнхээ хуулиар IPTV-д чиглэсэн уран бүтээл хийж болох юм байна гэж харсан. IPTV-гийн салбар нь их шинэлэг, бизнесийн том орон зайг үүсгэж байгаа. Тийм ч болохоор сүүлийн жил гаруйн хугацаанд энэ тал уруу чиглэн идэвхтэй ажиллаж байна. Нэлээд өвөрмөц хийцтэй “Товчхондоо ” гээд инээдмийн контентоо үзэгчдийн хүртээл болгосон.
-Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Ц.А: “F studio” маань энэ жилийн 4 дэх бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Монолог хэв шинжтэй “Товчхондоо ” нэртэй инээдмийн контент. Анх ийм монолог хэлбэртэй Оросын бүтээлийг үзээд сонирхолтой санагдсан. Судалж үзэхэд Франц болон Украины контент бүтээгчид уг хийцээр контентууд их хийсэн байсан. Ерөнхийдөө хүний дотоод бодлыг монологоор харуулахын сацуу хүний бодол мөртлөө үзэгчдэд шууд яриад өгчхөж байгаа нь илүү сонирхолтой болох юм болов уу гээд уг хийцийг барьж хийлээ. Кино маань бүх IPTV буюу SKYmedia, Univision, DDish-д болон SkyGO, LookTV-д орсон. Тэгэхлээр нэг олзуурхаж байгаа зүйл нь халуун дулаан гэр бүлээрээ үзээд суухад тохиромжтой их гоё хөнгөн мэдрэмж өгөхөөр бүтээл болсон байгаа. Цаашдаа буюу дараа оны хавар гэхэд энэ хийцээ барьсан цуврал гаргах төлөвлөгөөтэй байна.
-Монолог хэв шинжтэй гэж хэллээ. Энэ талаараа тайлбарлаж өгөөч?
Ц.А: Монолог хэв маяг гэхээр ер нь кино болгон дээр байдаг л даа. СУИС-д Монолог гээд тусдаа хичээл ордог. Энэ монолог нь театрын салбартаа бол маш том төрөл. Өөрөө өөртэйгөө ярилцах буюу ганц хүний жүжиг энэ төрлөөр түлхүү явагддаг. Кинон дээр жүжигчин хүнийг болж өгвөл битгий ярь гэдэг онол байдаг. Яагаад гэвэл тэр хүн үг хэлүүлэлтгүй жүжиглэлтээрээ бүх тоглолтоо гаргах ёстой. Тэгэхээр онолын хувьд кино урлаг, театрын монолог 2 зөрчилдөж байгаа биз. Үүнийг нийлүүлбэл нэг л жанрт тохирно. Энэ нь инээдмийн төрөл. Жүжигчин өөрөө царайн дээрээ тоглолтоо хийж байхад араас нь бодлыг нь монологоор үзэгчдэд шууд ярьж өгч байгаа нь манай киног илүү сонирхолтой болгож өгч байгаа юм.
-“Товчхондоо ” комеди контентоос нэг дүрийг онцолбол хэнийг онцлох вэ? Яагаад?
Ц.А: Би ТОБИ нохойгоо онцолж байна. Тэр бол жижигхэн дүр л дээ. Гэхдээ яагаад онцолж байна вэ гэхээр нохойн бодлыг ч гэсэн бид нар хийж өгсөн. Угаасаа фантазалж байгаа юм чинь нохой ч гэсэн бодолтой л байлгүй дээ. Нохойн бодол гэхээр хөгжилтэй байгаа биз дээ. Киноны маань хөөрхөн чимэг болж өгсөн, гол дүрүүдийн хань болохоор энэ дүрээ онцолмоор санагдлаа.
-Дүрүүдээ ямар шалгуураар сонгосон бэ, Жүжигчдийн талаар?
Ц.А: Шалгуур тавиад, проб авч хийгдээгүй. Анхнаасаа Зоригоо, Баясаа бид 3 IPTV-д зориулсан контент хийе гэж ярилцсан юм. Тэгэхэд энэ “Товчхондоо”-гийн хийцийг санал болгосон. Нөгөө 2 маань шууд зөвшөөрөөд зохиолын ажилруугаа орсон. Цаашдаа олон ангит дээрээ бас зохиолоосоо хамаараад дүрүүдээ сонгоно. Мэдээж бүгд мэргэжлийн жүжигчид байх болно.
-Та нэг ярилцлагадаа “Уран бүтээлийн үндэс суурь нь зохиол шүү дээ” гэж хэлсэн байсан. Тэгвэл зохиолынхоо санааг хэрхэн бодож олсон бэ?
Ц.А: Анх зохиолоо бодож байхдаа үйл явдал нь энгийн хирнээ амьдрал дээр байдаг зүйл л бодож байсан. Киноныхоо хийц, жанр зэргээ бодоход айхтар адал явдал, хүнд үйл явдал хэрэггүй санагдсан. Хүн бүр дотроо юу л бол юу боддог. Ер нь л хүний бодол хязгааргүй шүү дээ. Эндээс л зохиол маань урган гарсан даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна