НЭМГ-ЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖ: НЭМГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛСНААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРНА

Отгоо
2021 оны 10-р сарын 29 -нд

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Нийслэлийн вакцинжуулалт, цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье?

-Нийслэлийн хүн амын 74 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан, гурав дахь тунгийн хамрагдалт 19 хувьтай байна. Халдварт өвчний өвөрмөц сэргийлэлт гэж байдаг. Энэ бол вакцинжуулалт юм. Корона вирус бол цоо шинэ халдварт тахал учраас дэлхий нийт тулгамдаж байна.

Энэ вирус юунд устдаг, яаж тархдаг, хэрхэн сэргийлэх, эмчлэх, юуг гэмтээдэг гэх мэт бүх зүйл нь одоо хүртэл шинэ байна. Ийм үед бүх улс орнууд ДЭМБ-ын ерөнхий зарчмыг мөрдөн, бүс нутгийнхаа онцлогт тохируулан зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Манай улсын хувьд

цар тахлын эхний үед цаг алдалгүй, оновчтой зөв арга хэмжээ авснаараа хэд хэдэн давуу талыг бий болгож чадсан.

Хамгийн түрүүнд улсын хил хааж, дотооддоо шуурхай арга хэмжээ авч, халдвар хамгааллын журмыг сайн мөрдүүлж чадсанаар коронавирусийг жил орчим барьж чадсан.

Энэ хугацаанд дэлхийн эрдэмтэн судлаачид вакцин, эмчилгээний аргачлалуудыг гарган авч, тогтоосон үед ковидын халдвартай нүүр тулсан.

Халдвар бүртгэгдсэн цагаас хойш халдварын хэд хэдэн үе шатыг дамжлаа. Голомтолсон, алаг цоог тархалт мөн цар тахлын байдалд ч хүрлээ. Эдгээр үе шат бүхэнд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлээд явж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газар бол хэрэгжүүлэгч байгууллага. Нийслэлийн хэмжээнд халдварын нөхцөл байдалд анализ хийж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй зохион байгуулж хүргэх үүрэгтэй. Манайхан энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, нэг ч гэсэн иргэнд хүрч ажиллахын төлөө бүх хүч боломжоо дайчлан ажиллаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд долоон мянга гаруй хүн ажилладаг. Тэр хүмүүс бүгд өнөөдөр үндсэн хоёр ажил үүргийг зэрэгцүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, ковидын халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үзүүлэх. Хоёрдугаарт, үндсэн тусламж буюу ердийн үед үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээг өдөр тутамдаа зэрэгцүүлэн ажиллаж байна. Өрхийн эмнэлгээс эхлээд Дүүргийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд бүх шатандаа өндөр ачаалалтай ажилласаар байгаа. Халдварын нөхцөл байдал дөрөвдүгээр сард нэлээд хүчтэй давлагаалсан. Хоёр сарын дараа альфа хэв шинжийн давлагаа үүссэн бол харин есдүгээр сард дельта хэв шинжид шилжсэн. Урьдчилан таамаглахад хүндрэлтэй энэ давлагаа бүрд бид шуурхай зохион байгуулалтын бэлтгэл ажлуудыг хангаж, олон улсад хэрэгжүүлж буй аргачлалуудыг хэрэгжүүлэн хоёргүй сэтгэлээр, цаг наргүй ажиллаж байна.

-Одоо эмнэлгүүдийн нөхцөл байдал ямар байна, дээрдэх хандлага байна уу?

-Ачаалал их байна. Гэхдээ энэ ачааллын ард гарахын төлөө бүгд нэг зорилготой ажиллаж байна. Дөрөв, зургадугаар сард үүссэн давлагааны үед эрүүл мэндийн байгууллагын ажилчид өөрсдөө өвдөх нь харьцангуй бага байсан. Харин өнгөрөгч есдүгээр сарын давлагаанд манай эрүүл мэндийн байгууллагын ажилчид их өвдсөн. Үүнээс болж хүний нөөцийн хомсдол үүссэн. Гэсэн хэдий ч яамнаас нэмэлт хүч дайчлан зохион байгуулсан. НОК-ын дарга, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн харьяа төрийн албан хаагчид маань ч ажилласан. Мөн олон улсын байгууллагуудын сайн дурын ажилчид ч мөн хамрагдсан. Бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна даа. Манай НЭМГ-ын гаргадаг долоо хоног тутмын тайлан мэдээгээр энэ жилийн 31 дэх долоо хоног буюу наймдугаар сарын 2-8 ны хооронд халдвар эрс нэмэгдсэн. Хамгийн өндөр түвшинд хүрсэн нь өнгөрсөн сарын 20-26-ны өдрүүд байлаа. Үүнээс хойш аажим аажмаар багасаж байна. Энэ бол эмч, эмнэлгийн ажилтнуудын хичээл зүтгэлээс гадна хамгийн гол нь нийслэлчүүд маань халдвар хамгааллын дэглэм, нийгмийн эрүүл мэндийн зохион байгуулалтын арга хэмжээг сайн хэрэгжүүлж байгаагийн үр дүн юм. Өнөөдрийн байдлаар гэрээр эмчлэгдэж буй батлагдсан тохиолдол 19,776 байна. Халдварын оргил үед 30 мянга давж байсан. Одоо дэлхий нийтээрээ цар тахлын нөхцөл байдалтай зэрэгцэн амьдрах шаардлагатай болж байна. Тиймээс монголчууд бид ч төрийн болон хувийн үйлчилгээг онлайнаар авч, цахим шилжилтэд орж эхлээд байна шүү дээ.

- НЭМГ харьяа эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүддээ дижитал шилжилт хийж эхэлсэн гэсэн. Энэ ажлынхаа талаар танилцуулаач?

-Цахимжилт бол иргэдэд олон шат дамжлагыг хөнгөвчилж, ил тод байдлыг бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Эмнэлгүүдэд ч гэсэн өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээндээ үнэлэлт дүгнэлт өгч, алдаа дутагдлаа засах, шуурхай зохион байгуулалт хийхэд хэрэгтэй ажил юм. Зөвхөн захиргааны үйл ажиллагаанаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ бүгд цахимжина. Тухайлбал, тухайн хүний эмнэлэгт өгсөн шинжилгээ өөр эмнэлэгт үзүүлэхэд шууд харагддаг байх жишээтэй. Иргэд карт гэх олон цаасыг цүнхлээд аваад явдаг биш хэзээ, хаана, ямар шинжилгээ хийгдсэн нь бүгд цахимаар бүртгэлжиж хадгалагдана. Мөн гурав дахь чухал ач холбогдол бол гэртээ байгаа хүн даралтны аппаратаар даралтаа үзэх, жин ч юмуу эмнэлгийн төхөөрөмжүүдээ хэрэглээд тухайн мэдээллээ эмч рүүгээ цахимаар илгээж, тэр мэдээллийн дагуу эмч анхан шатны шаардлагатай зөвлөгөөг өгдөг болох юм. Үүнээс гадна дараагийн эмчид үзүүлэх цаг, нярайн эргэлт, товлолт вакцины цагийг онлайнаар авдаг болгохыг зорьж байна. Энэ жилийн хувьд иргэд ямар орчинд, ямар үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх вэ гэсэн загвар төслийг нийслэлийн “Өргөө” амаржих газарт хэрэгжүүлэхээр ирэх оны төсөвт оруулсан. Мөн бүх эрүүл мэндийн байгууллагад “Brand book” нэвтрүүлж байгаа. Жишээ нь “Номин супермаркет” гэхэд хөдөө орон нутагт, Улаанбаатарт хаана ч байсан нэг л өнгө, нэг л тохижилттой, нэг л үйлчилгээтэй байдаг шүү дээ. Яг түүн шиг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нэг ижил “Brand book”-тэй болно. Үүгээрээ байгууллагын соёлыг түгээж, нэг уур амьсгал, нэг зорилготой ажиллана.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэж, бүх үйл ажиллагаа өөрчлөгдсөн, хот өөрийн дүрэм, стандарттай болох гэж байна. Яг түүнтэй адил нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээ шинэ шатанд гарч, анги дэвшиж байна. Энэ бүхэнтэйгээ нийцүүлээд Нийслэлийн эрүүл мэндийн газар эрхэм зорилго, алсын хараагаа шинэчилсэн. Бид “Нийслэлийн хүн амын дундаж наслалтыг 90 нас хүргэе” гэсэн зорилго дэвшүүлж байгаа. Технологийн хувьд боломжтой, зохион байгуулалтыг сайн хийж чадвал эдгээр үр дүнд хүрэх бүрэн боломжтой.

-Таны энэ цахимжуулах ажил бүрэн хэрэгжвэл цар тахлын үед олон хүн нэг дор цугларч, халдвар тарах эрсдэлийг бууруулахаас гадна эмнэлгийн үйлчилгээ их амар болохоор санагдлаа.

-Тийм ээ. Цар тахлын үе гэж алгуурлаж, цаг алдалгүйгээр энэ ажлаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Телемедицин”-ы технологийг нэвтрүүлж байна. Үүнийг нэвтрүүлбэл хэсэг ч гэсэн иргэд гэрээсээ хянагдах боломжтой юм. Ерөнхийдөө бэлтгэл ажлыг хангаад дуусч байна. Программ маань бэлэн болчихсон. Одоо 60 мэргэжилтнийг сургачихаад төхөөрөмжөө хүлээж байна. Туршилтын байдлаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт суурилуулсан. Мөн Хан-Уул дүүрэгт 145 хүний ортой эмнэлгийн яаралтай тусламжийн түр төвийг байгуулсан. Энэ бүтэц дээр суурилж эхний ээлжинд Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд загвар байдлаар оношлуулахаар төлөвлөсөн. Өвчин оношлогдлоо гэхэд өрхийн эмнэлгийн хяналт, эсвэл цахим хяналтад орох эсэхээ иргэн өөрөө сонгоно. Ийм боломж нээгдэж байна. Дашрамд хэлэхэд архаг хууч өвчтэй, эмнэлэгт жилдээ таваас зургаан удаа хэвтдэг хүмүүс энэ цахим хяналтад орсноор жилдээ нэг, хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломж бас бүрдэнэ. Тэгэхээр эдийн засаг, наслалт, амьдралын чанарт өндөр үр өгөөжтэй байх юм. Энэ бүх зүйл олон улсын судалгаагаар батлагдсан учир ийм итгэлтэй үр дүнг ярьж байна.

-Цар тахлын үед тусламж үйлчилгээ хүргэх явуулын машинтай болж байгаа гэж сонссон. Энэ тухай мэдээлэл өгөөч. Яг ямар үйлчилгээ үзүүлэх машин юм бэ?

-Энэ нь мөн л цахим технологитой холбоотой. Хамгийн товчоор хэлбэл “Явуулын амбулатори” гэсэн үг. Түрүүн ярьсан телемедициний технологи төгөлдөрших юм бол үүнийг бүх дүүрэгт төвлөрүүлэх боломжтой. Хэн нэгэн хүн, байгууллага хамт олноороо эмнэлгийн хяналтад орж, “Ковид-19” илрүүлэх шинжилгээ өгч болно. Эсвэл өвдөөд эдгэсний дараа цээжний зургаа авахуулах гэх мэтэд анхан шатны үйлчилгээг явуулын байдалтай зохион байгуулах бэлтгэл ажлын нэг хэсэг юм.

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дараагийн төлөвлөгөө, санаачилга юу байна?

-Засгийн газраас “Цахим үндэстэн” санаачилга гаргасан. Манай эрүүл мэндийн салбар ч үүнийг дэмжиж, цахим хэлбэрт шилжих тал дээр олон ажлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн зорилтуудыг тодорхойлсон. Эрүүл мэндийн салбар үйлчилгээний олон төрөлтэй. Тэр болгоныг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэний өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгтэй үйлчилгээг бий болгох зорилтуудыг тодорхойлсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрыг хариуцсанаасаа хойш бүх эрүүл мэндийн байгууллагатай уулзаж, нөхцөл байдлын судалгаа хийхэд хоёр зүйлийг шинэчлэх ёстойг ажигласан. Нэгдүгээрт, гүйцэтгэлээр санхүүжүүлэх “Health industry” буюу “эрүүл мэндийн үйлдвэрлэл” гэдэг шинэ концепци дэлхий дахинд гарч байгаа. Эрүүл мэндийн байгууллага өөрөө аж ахуйн дотоод тооцоогоор үйл ажиллагаа явуулж, орлогоороо ажилчдынхаа цалин, нийгмийн асуудал, технологийн шинэчлэл, тусламж үйлчилгээг нэмэгдүүлсэн ажиллагаа явуулах юм. Үүнийг шийдэхийн тулд эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн хангалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлүүд цөөн байна. Тийм учраас иргэд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийг зорьдог. Дүүргийн эмнэлгээс нэг бичиг аваад дараагийн эмнэлэг рүү явдаг. Уг нь наана нь шийдвэрлэх боломжтой. Үүнийг хийхийн тулд бүх эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтад анхаарч үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 89 тэрбум төгрөгийн төсөл бичиж байгууллагуудад танилцуулсан. Тооцоо, судалгаан дээр үндэслэсэн, эргэж төлөх талаар тодорхой тусгасан төсөл боловсруулсан. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинэ техник, технологийг нутагшуулж байсан туршлага маань их хэрэг болж байна. Богино хугацаанд хүндээ хүрсэн ийм нэг төсөл хэрэгжүүлэх санал гаргаад ажиллаж байна.

-Төсвийн мөнгийг хямгадах онцгой цаг үед таныг дур мэдэн байгууллагадаа бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо нэмсэн гэх мэдээлэл байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юү?

-Энэ бол ташаа мэдээлэл. Нийслэлийн эрүүл мэндийн газарт бусдаар гүйцэтгүүлэх ажил гэж байдаг. Цалингаас тусдаа зөвхөн үйл ажиллагаанд зарцуулах ёстой мөнгө л дөө. Сард 15 сая төгрөг байдаг. Энэ бол сүүлийн 10 жилд огт өөрчлөгдөөгүй төсөв. Бид ковидын онцгой үед ч энэ төсвөөрөө зохицуулж байгаа. Манай НЭМГ одоо орон тооны хувьд 54 ажилтантай. Энэ орон тоо сүүлийн 10 жил өөрчлөгдөөгүй, одоо ч хэвээрээ байгаа. Нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны А/275 тоот захирамж болон “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор НЭМГ орон тоогоо нэмэлгүйгээр бүтцийнхээ хүрээнд шинэчлэл хийсэн. Таван хэлтсийг найм болгосон, нэг орлогч даргатай байсныг хоёр болгосон. Энэ бол Нийслэлийн Засаг даргын болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийгмийн шаардлагаар хийсэн зохицуулалт. Зарим ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд заавал мэргэжлийн нэгжүүдийг байгуулах шаардлагатай байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн хоёр хэлтсийг байгуулж, нийгмийн эрүүл мэндийг хариуцсан орлогч даргатай болсон. Үйлчлүүлэгч, эмнэлгийн тусламжийн аюулгүй байдлыг сайжруулах хэлтсийг ч байгуулсан. Энэ бол сайжруулах, боловсронгуй болгох гэсэн менежмэнтийн шинэчлэл шүү дээ.

-Ковидоор өвдсөн хүнд 111 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч байгаа талаар таны орлогч дарга мэдээлэл өгсөн. Үнэн юм уу?

-Тийм юм байхгүй. Нийгмийн эрүүл мэндийн газрын орлогч дарга андуурч хэлсэн байх. Манай байгууллагад бусдаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны зардал гэж 15 сая төгрөг л орж ирдэг гэж түрүүн хэлсэн. Энэ бол ковидын эсрэг хариу арга хэмжээ авахад зарцуулдаг зардал. 111 сая төгрөгийн 10 хэдхэн хувь байгаа биз дээ.

-Ковидоос гадна үндсэн тусламж үйлчилгээний хувьд өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа талаар та шуурхай мэдээлэл өгч болох уу?

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 380 эх амаржсан, амбулаториор 78 мянган үзлэг хийгдсэн. Эмнэлэгт 17 мянга гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. 164 мэс засал хийгдсэн. Түргэн тусламж өдөрт 900-1200 хооронд байна. Угаарын хийн хордлогын 90 тохиолдол бүргэгдсэн гэх мэт. Ер нь манайхан өдөрт цар тахалтай зэрэгцэн ийм ачаалалтай ажилладаг даа.

Бас нэг мэдээлэл өгөхөд, манай Нийслэлийн эрүүл мэндийн газар санаачлан анх удаа “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” гэсэн онол практикийн бага хурлыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Энэ хуралд судлаач, эмч, сувилагч нар идэвхтэй оролцож, 52 илтгэлийг хэлэлцүүлсэн.

-Энгийн үетэй харьцуулахад эрүүл мэндийн байгууллага ачаалал ихтэй ажиллаж буйг бүгд ойлгож байгаа байх. Гэвч зарим эмнэлэг болон тантай ч холбоотой сөрөг мэдээллүүд бас гарах юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан маань үнэхээр сэтгэл зүтгэлээрээ ажиллаж байгаа. Гэхдээ эргээд эрүүл мэндийн байгууллагын хөшигний цаана асуудлууд бий. Тэр нь төсвөөс гадна ирэх онд хийж хэрэгжүүлэх, шинэ стандарт дүрэм журмуудтай нийцүүлэн хийх цахимжуулалт, менежмэнтийн болон үйл ажиллагааны шинэчлэлүүдтэй холбоотой ажлууд маань зарим хүнд таалагдахгүй байж болно. Жишээ нь, цахимжуулж байгаатай холбоотой ажил байна. Манай Нийслэлийн эрүүл мэндийн газарт байдаг нэг асуудал бол тусгай зөвшөөрөл. Эмийн сан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цахим болгох зорилтыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш санал болгож байгаа. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгах, төслийн сонгон шалгаруулалтыг шилэн болгохоор зорьж байгаа юм. Хэрвээ энэ ажил хэрэгжвэл салбар дотор болон гадна ажиллаж байгаа зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхыг үгүйсгэхгүй. Энэ талаас л гарч байгаа асуудал юм болов уу гэж харж байна. Хамгийн гол нь энэ бол хэзээ ч хэрэгжих л ажил. Гэхдээ бид манлайлаад хэрэгжүүлье гэсэн зорилт тавьсан нь л зарим нэгэнд таалагдахгүй байх шиг байна. Бид нэг жил, нэг сарын өмнө үйл ажиллагаагаа ил тод болгоё, дүүргүүдийн төсөвт эрүүл мэндийн байгууллагын хөрөнгө оруулалтыг оруулах, төсөв санхүүгээ батлуулж байж л ажил маань нэг сар, нэг жилийн өмнө сайжирна.

Мөн ажлын байранд Төрийн албаны хууль зөрчих тохиолдол мэр сэр гардаг байсан. Эдгээр зөрчлүүдийг шийдсэн. Энэ нь хэвлэлээр сайн муу, янз бүрийн яриа дагуулж байгаа байх. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажил бүх түвшинд урагштай явж байгаа. Манай хамт олон бүх үйл ажиллагаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу хэрэгжүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа гэдгийг хэлмээр байна.

А.ГАНТУЯА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна