Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар ялж шөвгийн наймд шалгарлаа

Отгоо
2021 оны 10-р сарын 31 -нд

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа.

Ингэснээр тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.

Харин -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

  • -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
  • -54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй аравдугаар сарын 31-ний орой тулалдана.
  • -71 кг жинд Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д ОХУ-ын Вадим Мусаевтай аравдугаар сарын 31-ний шөнө тулалдана.

Тэмцээнээ дуусгасан тамирчид:

  • -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  • -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
  • -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна