ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг медальгүй өндөрлүүллээ

Отгоо
2021 оны 11-р сарын 07 -нд

Серби улсын нийслэл Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 24-с 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах 21 дэх тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Цар тахлын хүнд хүчир үе дэлхий ертөнцийг нөмөрсөн хэдий ч олимпын наадам, дэлхийн аваргын тэмцээн зохиогддогоороо зохиогдож, жам ёсоор төлөвлөгөөт хуваарийн дагуу үргэлжилж байна. Үүний нэг тод үйл явдал Сербийн нийслэл Белград хотод явагдаж байгаа Дэлхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн юм. Уг тэмцээний сугалаанд 88 орны 510 боксчин бүртгүүлсэн билээ.

Сугалааг автомат программаар тохируулан тамирчдыг оноолтоор тааруулан, зоон толгойлох шилдэг боксчны чансаагүй зохион байгуулсан нь олимп, дэлхийн шилдгүүд эхний даваанд таарах магадлал их болж, мөн 13 жингээр анх удаа зохион байгуулагдаж байгаа зэрэг онцгой үйл явдлууд өрнөсөн.

Жингийн хувьд бүр анхны ДАШТ-ээс эхлэн зохион байгуулагдаж байсан үеийн хуучин жинг болох 48кг-аас 75кг хүртэлхийг хэвээр нь сэргээж, 80,86, -92,+92кг гэсэн шинэ жинг бий болгосон онцлогтой болж байна.

Товчхондоо АИБА-н Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан оросын иргэншилтэй, узбек Гафур Рахимов ОУОХорооноос баримталсан жендерийн тэгш байдлыг хангах зорилго бүхий шаардлагаар олимпын наадмын хөтөлбөрт эмэгтэй боксын жинг нэмэх чиглэлээр шинэ жингийн төсөл оруулахдаа Азийн боксчдын жин гэгдэх 48-49кг, дэлхий нийтийн эр дундын жин гэгдэх 60кг-г хассан байсныг энэ удаагийн ДАШТэмцээнээр буцаан сэргээж, 54, 63.5, 71кг зэрэг “эртний” жинг бас нэмэн оруулснаар тамирчдад өөрийн бие бялдар, хурд хүчинд тохирсон жиндээ тоглох боломжийг улам дэлгэрэнгүй болгосон эерэг ач холбогдолтой болжээ.

Үүний сацуу хүн төрөлхтний спорт эв нэгдлийн баяр олимпын наадмын дараа аливаа баг тамирчдын дунд дараагийн олимпын шинэ мөчлөгт жин өгсөх, мөн шинэ залуу тамирчид дороос түрж гарах нь спортод байх ёстой түгээмэл үзэгдэл билээ. Энэ дагуу энэ удаагийн ДАШТэмцээнээр хүрэлцэн ирсэн шинэхэн боксчид дийлэнх хувийг нь эзэлж, басхүү аваргуудыг эхний тулаанаар буулган авах авах явдал олонтоо харагдаж байв.

Одоо эл байдлыг тоочихыг түр азнан манай мастеруудын тулааны байдлыг дурдах чиглэлдээ оръё.

Тэмцээний эхний өдөр:

57кг-д Дэлхийн Универсиад наадмын аварга, Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын мөнгөн медальт, Азийн АШТ-ний аварга, хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний тулаанаа 25-ны үдээс хойш Токио-2020-д хүч үзсэн Казакстаны Серик Темиржановтай үзэн өрсөлдөгч тамирчин шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт авч байна. Тулааны дараа казак боксчин “...цохилтууд сайн болоогүй ч ер нь дажгүй байлаа, өрсөлдөгч маань хүчтэй туршлагатай, бид тулааны өмнө түүний тоглолт, арга барилын талаар дүн шинжилгээ хийж, дасгалжуулагчийн зааврыг яг дагаж мөрдсөн нь маш зөв стратеги байсан” гэж өгүүлжээ.   

67кг-д Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезын ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайванийн Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний тулаанаа Гватемалийн Тобар Ромеро Карлос Даниельтэй тулалдан, шүүгчдийн 4-1 саналаар эхний ялалтаа авсан. Манай мастер дараагийн тулаанаа олимп, дэлхийн хүрэлтэй италийн 32 настай хуучин хашир Винченцо Мангиакапретэй 28-ны үдэш хийнэ.

Тэмцээний хоёр дахь өдөр:

63.5кг-д Азийн аваргын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл, Азийн оюутны аваргын хүрэл медальт Баттөмөрийн Мишээлт дэлхийн аваргын рингэнд эхний тулаанаа Грекийн Макригианнис Василейостой хийж, тун сийрэгхэн хөнгөн ажиллагаа харуулсаар өөртөө итгэлтэйгээр ялалт байгууллаа. Манай мастерын дараагийн тулаанаар 30-ны үдэш Тайваны Лай Чу-Ентэй таарна.   

51кг-д Дэлхийн Зэвсэгт хүчний спортын Наадмын хүрэл, дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний хүрэл медальт, ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний тулаанаа Азербайжаны Масуд Юсифзадетэй тулалдан, сар гаруйн өмнөх ялж байсан тулаанаас арай өөрөөр тоглолтыг хянах гэсэн, хүлээсэн тактикаар тулааныг өрнүүлсэн бол харин азерийн боксчин бяралхуу түрэмгийн довтолгоогоо гаргалгүй оноо түүх хэлбэрийг сонгон ажилласаар өрсөлдөгч боксчин ялалт байгуулж байна. Уг тоглолтоор хэн нэг нь илт давуу, сонгодог техник, хүнд, оновчтой цохилт гаргаагүй хэрнээ ялалтын оноог шүүгчид 1-4 гэсэн саналаар өрсөлдөгчийн талд ялагчийг шийджээ.  

Нэмж өгүүлэхэд энэ удаагийн ДАШТ шинэ 13 жингээр зохиогдож байгаа тул өмнөх олимп, дэлхий, тивийн аваргын тэмцээний чансааны оноогоор эрэмбэлээгүй ба автомат оноолтын дагуу сугалааг тааруулсан нь тухайн жингийн шилдэг боксчид эхний даваанд таарах үзэгдэл нэлээд байлаа. Тухайлбал олимп, дэлхийн аварга узбекийн Хасанбой Дусматов, олимп, дэлхийн хүрэл медальт казакстаны “шинэ од” Сакен Бибосенов нарын тулаан байсан, нуруугаар өндөр чацархаг казак залуу хашир туршлагатай хэдий ч хурд нь саарсан, цохилт нь зуурч удааширсан узбекийг 5-0-н харьцаагаар буулган авсны дараа Узбекстаны багаас тулааны дүнд эсэргүүцэл бичсэн боловч тэмцээний шүүгчдийн баг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.      

Тэмцээний гурав дахь өдөр:

48кг-д Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефьттэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл, “Химийн Цом”-ын алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны ОУТ-ний аварга, Кубын ОУТ-ний хүрэл медальт, Тайландын ОУТ-ний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ эхний тулаанаа 27-ны үдэш Балбын Вант Улсын Тапа Рабинтай хийлээ. Манай хашир мастер тун түвэггүй, үндсэндээ биеэ халаах, “хичээл заах” хэлбэртэйгээр тоглон ялалт байгууллаа. Мөн өрсөлдөгч боксчны дасгалжуулагч нар ч өөрийн залуу тамирчинд гурван үеийн турш тулалдсанд нь тун баяр хөөртэй байгаагаа илэрхийлж харагдсан. Ингээд манай боксчин 30-ны үдээс хойш германы Кристофер Гомантай тулалдах боллоо.

60кг-д Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга эхний тулаанаа Тринидад Табого улсын боксчин Филлип Доннельтэй 27-ны үдэш хийнэ. Дараа нь израйль, финляндын аль ялсантай үргэлжлүүлэх төрх байна. Мөн энэ 51 боксчин сугалаанд байна. Түүнчлэн манай боксчины зоонд ер нь тэнцүүхэн тамирчид байгаа ба дэлхийд танигдсан шилдэгүүд алга гэсэн сугалааны дараах дүр зураг ажиглагдаж байлаа. Энэ үдэш манай залуу боксчин Тринидад Табого улсын нэлээд шазруун, дайчин ажиллагаатай залуу боксчингийн шахсан довтолгоог угтуулан цохиж, богино зайнд займран гарч, гэдэс цээжинд угсруулангаа төгсгөлд нь толгойд ажиллан оноо түүсээр, өөртөө итгэлтэй тулалдан ялалтыг 5-0 оноогоор авч байна. Залуу мастер О.Тулга 29-ний үдэш финляндын Арслан Хатаевтай тулна.

Энэ өдрийн сонирхолтой тулаан бол 20 настайгаасаа өнөө хүртэл олимпын гурван хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга, хошой мөнгөн медальтан болсон кубын 30 настай 60кг-н боксчин Лазаро Алваресыг 2016 оны дэлхийн залуучуудын аварга японы 22 настай боксчин Хаяато Цуцуми итгэлтэйгээр ялалт байгууллаа. Япон боксчин ойрын зайнд олон хүчтэй цохилт хийн, кубын боксчины довтолгооныг хэмнэлийг алдуулан анхнаасаа дасгалжуулагч нартайгаа зөвлөлдөн гарч ирсэн тактикаа амжилттай гүйцэтгэн ажилласаар 5-0 гэсэн шүүгчдийн саналыг татаж чадлаа. Хаяато Цуцумийгийн дүү Рейто Цуцуми энэ онд Польшид зохиогдсон дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 60кг-д казакын ирээдүйн од Суенбайг ялснаар тун итгэлтэй түрүүлж байсан ба Белградын насанд хүрэгчдийн ДАШТ-д 57кг-д тулалдахаар ахынхаа хамт ирсэн. Дүү Цуцуми нуруу намхан боловч ойрын зайнд дороос хүчтэй цохидог техникээр гаргуун бөгөөд 28-ны үдэш мөн л казакын Серик Темиржановтай таарсан.

Тэмцээний дөрөв дэх өдөр:

67кг-д Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезын ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайванийн Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг хоёрдахь тулаанаа олимп, дэлхийн хүрэлтэй италийн 32 настай хуучин хашир Винченцо Мангиакапретэй 28-ны үдэш хийж ямар ч эргэлзээгүйгээр ялалт авлаа. Задгай өрөлттэй ухарч, займарч ажилладаг итали боксчинг урд гарын оновчтой цохилтоор оноо авсаар зайгаа зөв мэдрэн ажиллаж дийллээ. Манай мастер 01-ний  үдээс хойш Мексикийн Хернандес Алвидрес Маркотай учраа таарсан.

Тэмцээний тав дахь өдөр:

54 кг-д Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан эхний тулаанаар Тайландын боксын холбооны боксчин Утайда Патифантай 29-ний үдээс хойш таарсан ба тун ч цэвэрхэн итгэлтэй тулааныг гарган 5-0 гэсэн оноогоор дэлхийн аваргын тэмцээний анхны ялалтаа авлаа. Манай залуу мастер 31-ний үдээс хойш дараагийн тулаанаа Барбадосын Брийди Жабалийтай хийхээр боллоо.  

71кг-д Белград 2021 онд Туркийн Ахмед Комерт ОУТ-ний аварга, Чехийн Усти над Лабем ОУТ-ний мөнгөн медальт Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөсөн, тэрээр дараагийн даваанд Тайландын боксын холбооны Яасунгноен Пийпарат боксчинтой таарч 4-1 гэсэн саналаар дэлхийн аваргын тэмцээний эхний ялалтаа авсан, гэвч удалгүй тулааны дүнг өөрчлөн тай боксчныг ялагчаар тодруулжээ.  

60кг-д Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга хоёр дахь тулаанаа 29-ний үдэш финляндын Арслан Хатаевтай тулалдан санасан тулаанаа гаргаж амжсангүй, эхлээд хамраас цус алдан, дараа нь хөмсөг гэмтэж, гуравдугаар үед эмч шүүгч тоглолтыг зогсоож, ялалт финн боксчинд очлоо. Дэлхийн аваргын тэмцээнээс эхний ялалтаа авсан манай залуу мастерт цаашдаа энэхүү дэлхийн ринг ихээхэн туршлага болсон байх учиртай.

Тэмцээний зургаа дахь өдөр:

48 кг-д Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефьттэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл, “Химийн Цом”-ын алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны ОУТ-ний аварга, Кубын ОУТ-ний хүрэл медальт, Тайландын ОУТ-ний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ хоёр дахь тоглолтоороо 30-ны үдээс хойш германы Кристофер Гомантай тулалдан тун төвөггүй ялалт байгууллаа. Тэрээр эхний раундад өрсөлдөгчөө хүнд цохилтоор тоолуулж, цаашдаа ёстой рингэний эзэн шиг тоглолоо.

Манай хашир мастер 02-ны үдээс хойш дэлхийн аваргын тэмцээний медалийн төлөө Беларусийн Евгений Кармильчиктэй тулалдана. Доха-2015, Хамбург-2017 дэлхийн аваргын  тэмцээнүүдэд медалийн төлөө өрсөлдөөнд шалгарч байсан манай хашир мастерт бас л боломж нээлттэй байна.  

63.5кг-д Азийн аваргын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл, Азийн оюутны аваргын хүрэл медальт Баттөмөрийн Мишээлт дараагийн тулаанаар 30-ны үдэш Тайваны Лай Чу-Ентэй тааран хоёр боксчин аль аль нь тэнцүүхэн тулалдаж харагдсан боловч шүүгчдийн саналаар тайваны боксчинд ялалт зааж байна. Тулааны дараа Тайваны боксчин “...Бид Монголын өрсөлдөгчөө өмнөх тэмцээнүүдээс нь мэддэг байсан бөгөөд энэ тулаанд би зайгаа маш сайн барьж ашигласан тул амжилттай болсон” гэж өгүүлжээ.

Тэмцээний долоо дахь өдөр:

54 кг-д Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан хоёр дахь тулаанаа Барбадосын Брийди Жабалийтай хийсэн, нуруу намхан бахим биетэй, хөлийн ажиллагааны нэлээд хөдөлгөөнтэй боксчинтой манай залуу мастер шууд ойрын зайнд шахан орж, харин барбадос боксчин зайнаас сөрөг довтолж, “нүдэлдсэн” боловч, дөрвөн шүүгч өрсөлдөгч боксчинд ялалтыг зааснаар манай боксчин тэмцээнийг өндөрлүүллээ. Ингэснээр Э.Баярсайхан, О.Тулга, Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ зэрэг залуу мастерууд маань дэлхийн аваргын тэмцээнээр эхний ялалтаа авч, том тэмцээний утаа үнэрлэн, бие, сэтгэлдээ ихээхэн сургамж бүхий туршлага тээж, цаашдын спортын замналдаа шинэ амжилтын хуудсыг нээнэ гэдэгт  итгэлтэй байна.  

Тэмцээний найм дахь өдөр:

67кг-д Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезын ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайванийн Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг гурав дахь тулаанаа 01-ний  үдээс хойш Мексикийн Хернандес Алвидрес Маркотай хийн гурван раундын турш цэвэрхэн техниктэй тоглолт гарган, шүүгчдийн 5-0 гэсэн саналаар ялалт байгуулан, дэлхийн аваргын тэмцээний медалийн төлөө казакстаны Аблайхан Жусуповтой тулалдах боллоо. Казакстаны Аблайхан Жусупов дэлхийн залуучуудын аварга болж улмаар өдгөө дэлхийн хошой хүрэл медаль хүртсэн арвин туршлагатай тамирчин билээ. Ингээд манай Баатарсүхийн Чинзориг мастер 02-ны үдээс хойш түүнтэй тулалдана.

Тэмцээний ес дэх өдөр:

48кг-д Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефьттэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл, “Химийн Цом”-ын алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны ОУТ-ний аварга, Кубын ОУТ-ний хүрэл медальт, Тайландын ОУТ-ний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ 02-ны үдээс хойш дэлхийн аваргын тэмцээний медалийн төлөө Беларусийн Евгений Кармильчиктэй тулалдлаа. Бие жижигхэн, нуруу намхан хэрнээ нэлээд хүнд цохилттой беларусь залуутай манай хашир мастер урд гараа доор байх үедээ урагшилж, эхний раундын 2.09 секундэд өрсөлдөгчийн цохилтод өртөн, рингэн шүүсэн Гватемалийн шүүгч Гарсиа Гирон тэр даруй тоолж, улмаар тоглолтыг зогсоож, өрсөлдөгч боксчин нэн хурдан бээлийгээ тайлснаар, ялалт беларусийн боксчны талд очиж байна. Санамсаргүй хэрнээ тун харамсалтай явдал богино хугацаанд болсон.

ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнийн тухайд 2015, 2017 оны ДАШТ-н талаар нэгэн бичил түүх эргэн өгүүлэхэд үүнийг өгүүлэгчийн зүгээс “...Катарын нийслэл Дохад 2015 оны 10-р сарын 05-нд эхлэсэн Дэлхийн боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн АШТэмцээнээр тухайн үеийн 49кг-д Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефьттэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын хүрэл, “Химийн Цом”-ын мөнгө, хүрэл медальт, Казакстаны ОУТ-ний аварга, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөсөн ба дараагийн даваанд японы Цубой Томоятай нэлээд хүнд тулаан хийж ялалт байгууллаа. Наран улсын боксчны хэдий эвсэл тааруу байсан ч ялах гэсэн хүсэл бүхий тулааны хариуг манай мастер арай оновчтой ухаалаг байдлаар шийдэж ялалтыг өөртөө авлаа. Манай мастер дэлхийн аваргын медалийн төлөө 10-ны үдээс хойш оросын боксчин, Европын шинэхэн аварга, якутын Василий Егоровтой халз үзэн, 2-1-р ялагдал хүлээлээ. Харамсалтай гэхээс өөр юу гэхэв.

Манай Ганхуягийн Ган-Эрдэнэ дэлхийн аваргын медалийн төлөө оросын боксчин, Европын шинэхэн аварга, якутын Василий Егоровтой тулалдан 29-28, 28-29, 28-29-р нийт 1-2-р дийлдсэн. Энэ тулааны  талаар оросын боксчны дасгалжуулагч Филипп Яковлев ийн ярьжээ. “Тулаан маш хүнд байв, монголын боксчин 2013 оны Универсиадын шагналтай. 2013 оны дэлхийн аваргад оролцож байсан. Эхний раундад Егоров түүнийг сайн тандаж, асуудалгүй хожсон, хоёр дахь үед бас ингэж эхлэн, булангаас бидэнд харагдахдаа монгол яаж ч өөрчлөгдөхгүйгээр тулалдаж эхэлсэн. Тэгмэгц хонх дуугарч, дунд үеийн гурван минут дуусах үед үзэгчдийн суудал дундаас Егоров хожигдож яваа шүү гэж мэдээлэх сонсогдлоо, Үнэндээ энэ раундад монголд яалаа гэж ялалт өгөх болсныг олж хараагүй, магадгүй бид дандаа өөрийн хүнээ шимтэн харсаар өрсөлдөгчийн илүүтэй ажиллагааг ажигладаггүй ч байж болох. Тэр үед Егоров хүчтэй гэдгийг шүүгчдэд итгүүлэхээр байдлыг яагаад ч өөрчлөх боломжгүй байв.

Егоровоос гуравдугаар раундад зөвхөн сөрөг довтолгоо хийж ажиллах талаар, бас дэмий зодоон болгож зууралдахгүй байхыг гуйлаа. Яагаад гэхээр мөргөлдөөний улмаас Василийгийн толгойд асуудал гарсан  юм. Харилцан олон цохилт хийгдэж байгаа үеэр тухайн боксчидын үнэн ур чадварыг олж харахад хэцүү байдаг тул шүүгчид ялалтыг аль дуртай өрсөлдөгчид заадаг тул ийм эрсдэлээс зайлах хэрэгтэй. Ийм үед шилдэг техник зайлшгүй харуулах хэрэгтэй. Азаар Егоров үүнийг хийж харуулж чадлаа. Төгсгөлийн раундад тэрээр өрсөлдөгчөөсөө салж, довтолгооны дараа цохилтын бүсээс холдож, илүү техниктэй харагдаж, энэхүү үйлдлээрээ, мөн өөрийн угсраа довтолгоогоороо шүүгчдэд илүү хүчтэй гэдгээ итгүүлж чадсан” хэмээн өгүүлжээ.   

Дээрх ДАШТ-с хоёр жилийн дараа Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээн Германы Хамбург хотноо 2017 оны 08-р сарын 24-с 09-р сарын 03-ны хооронд зохиогдсон. 49 кг-д Дэлхийн Универсиад наадмын хүрэл, Нефьттэй орнуудын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл, “Химийн Цом”-ын алт, мөнгө, хүрэл медальт, Казакстаны ОУТ-ний аварга, Кубын ОУТ-ний хүрэл медальт, Тайландын ОУТ-ний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Туркийн Унлу Мухаммедтай гурван үеийн турш ширүүн үзэлцсээр шүүгчдийн 5-0 оноогоор ялалтаа авлаа.

Манай боксчины уг тулааны талаар Азийн боксын холбооны албан ёсны сайтад “Азийн аваргын мөнгөн медальт Ганхуягийн Ган-Эрдэнэ энэ тэмцээнийг сайтар онилж, өрсөлдөгчөө хүлээсэн, учир нь тэрээр Хамбургт амжилтаар цангаж байгаа нэгэн. 24 настай монгол боксчин энэ удаа Туркийн Унлу Мухаммедтай тааран цохилтын бүсэд хурдаа ашиглан оновчтой цохин ажилласаар, түүний сонгосон боломжийн хувилбар нь тэмцээний шигшээ наймд үлдээх болсон юм” хэмээн бичжээ.

Улмаар Г.Ган-Эрдэнэ мастер 2017 оны 08-р сарын 29-ний үдээс хойш Хамбургийн А рингэнд Риогийн олимпийн мөнгөн медальт Колумбийн Мартинес Ривас Юрбергентэй дэлхийн аваргын медалийн төлөө тулалдан, эхний үед манай боксчин тун дажгүй өрсөлдсөн хэрнээ хоёрдугаар үеийн дундаас илт суларч, улмаар төгсгөлийн раундад өрсөлдөгч боксчин нь харин ч эсрэгээр илт ширүүн ажилласаар уг тулаан Колумбын боксчины ялалтаар дууслаа. Колумбын боксын түүхэнд дэлхийн аваргаас авч байгаа анхны медаль ажээ” хэмээн бичиж байсан билээ. Өдгөө 2021 оны Белградын ДАШТ-ий медалийн төлөө өрсөлдөөнд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ ахин гурвантаа шалгарч бас 5 дугаар байранд шалгарч байна.  

Мөн 67кг-д Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезын ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайванийн Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг дэлхийн аваргын тэмцээний медалийн төлөө казакстаны Аблайхан Жусуповтой 02-ны үдээс хойш тулалдан бүх л боломжоо гарган үзэлцсэн, гэсэн хэдий ч шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр казак боксчин ялалт авлаа.

Түүний тухайд 2017 онд “...Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээн Германы Хамбург хотноо 2017 оны 08-р сарын 24-с 09-р сарын 03-ны хооронд зохиогдоход 64 кг-д Дэлхийн Цэргийн Албан Хаагчдын Тэмцээний аварга, Ази тивийн аваргын мөнгө,  “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезийн ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт,Тайваны Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний даваанд гоц мөргөсөн, дараагийн даваанд Унгарын Ковач Ричардтай учраа тааран гурван үеийн турш задгай тун хөнгөн ажиллаж, шүүгчдийн 5-0 саналаар ялалтаа баталгаажууллаа.

Манай мастерийн талаар Азийн боксын холбооны албан ёсны сайтад “Азийн аваргын мөнгөн медальт Монголын Баатарсүхийн Чинзориг Унгарын Ричард Ковачийн эсрэг сүүлчийн 16-д таарсан. Эхний үед хэмнэлээ олоогүй боловч, хоёрдугаар үеийн дундаас эхлэн түүний оргил үе нь эхлэж, шинэ тактик нь дунд үеэс амжилттай хэрэгжсэн. Зургаан насаар өрсөлдөгчөөсөө ах монгол боксчин сүүлчийн раундад онцгой байсаар, Хамбургт шигшээ наймд шалгарахад түүнд хэмнэл нь хангалттай сайн байлаа” хэмээн өгүүлжээ. 29-ний үдээс хойш Хамбургийн А рингэнд дэлхийн аваргын медалийн төлөө Европын аварга Армяны Ховханнес Бачковтой тулна. Армян боксчин битүү хамгаалалттай бярдсан хүчтэй цохилттой нэгэн харагдсан, гэхдээ хөлийн ажиллагаа тийм ч мундаг биш байсан тул манай мастер орж гарч, гэхдээ сайн хамгаалалттай ажиллах хэрэгтэй биз ээ.

Ингээд Б.Чинзориг мастер 2017 оны 08 дугаар сарын 29-ний үдээс хойш Хамбургийн А рингэнд дэлхийн аваргын медалийн төлөө Европын аварга Армяны Ховханнес Бачковтой яс тулалдсан. Мэргэжилтнүүд шүүгчдийн шүүлтээр манай боксчин 1-4-р ялагдсан, харин миний бодлоор манай боксчин арай илүү байсан гэж бодно. Өрсөлдөгч армян буурал тивийн аварга басхүү битүү хамгаалалттай маш сайн хүнд цохилттой нэгэн, түүнтэй манай боксчин гурван үеийн турш юу байдгаа харуулан тулалдаж, медалийн оосроос атгаад алдсан.

Мөн үйл явдлаас хоёр жилийн дараа Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-н Екатеринбург хотноо 2019 оны  09 дүгээр сарын 09-21-ний хооронд олимпын шинэ жингээр зохиогдоход 63кг-д Дэлхийн цэргийн албан хаагчдын тэмцээний аварга, Азийн Наадмын мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, “Чайна Опен” ОУТ-ний аварга, Унгарын ОУТ-ний аварга, Индонезийн ОУТ-ний аварга, “Химийн Цом”-ын алт, мөнгөн медальт, Тайваны Нээлттэй тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд тивийн наадам, тивийн аваргын хүрэл медальт хятадын Шан Жунтай тулалдан, ойрын зайнд тэсэрсэн цохилттой ажиллах тактиктай хятад боксчинтой орж сөрсөн угтуулсан цохилтоор буулган авч 5-0-р итгэл төгс ялсан.

Улмаар дараагийн даваанд энэтхэгийн Маниш Каушиктай үзэлцэн дийлэгдсэн ба энэтхэг боксчин цаашлаад хүрэл медальтай харьсан билээ..” хэмээн бичиж байснаа та бүхэнд хүргэж байна. Учир нь 2021 оны Белградын ДАШТ-д манай Баатарсүхийн Чинзориг мастер дэлхийн аваргын медалийн төлөө тулаанд бас дахин шалгаран үлдэж, мөн л шагналт тавдугаар байранд үлдлээ.

ТЭМЦЭЭНИЙ ЗАРИМ ДУУЛИАНТ ТУЛААНУУДААС...

Токио-2020 Зуны олимпын наадамд тун ч сайн бэлтгэлтэй оролцсон Японы боксын шигшээ баг Белградын Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээнд одтой, өнгөтэй байна. Тэмцээний гурав дахь өдөр 60кг-д 2016 онд Санкт-Петербургт зохиогдсон дэлхийн залуучуудын аварга Хаяато Цуцуми олимпын гурван хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Кубын Лазаро Алваресыг ямарч маргаангүй ялалтаар үзэгчдийн суудалд шилжүүлсэн. Харин 57кг-д түүний дүү 2021 оны дэлхийн залуучуудын аварга Рейто Цуцумийд казакийн Серик Темиржанов аргагүй насанд хүрэгчдийн ангилалд өөр тулаан болдогийг энэ удаа харуулсан.

Гэхдээ л япон залуу боксчин мэргэжил рүү орчихгүй бол сонирхогчдын боксын рингэнд товойн гарах нь гарцаагүй. 54кг-д Томоя Цубои олимп, дэлхийн аварга узбекийн Шахобиддин Зойров нарын тулаанд 3-2 гэсэн саналаар япон боксчины од гийж байна. Харин узбек боксчины хувьд Токио-2020 Зуны олимпын наадмын медалийн төлөө филиппины Карлос Пааламтай тулах үеэр хөмсөг задарч тулааныг дуусгасан азгүйдэл дахин үргэлжилсэн гэж болно. Мөн 48кг-д Японы боксчин Казума Аратаке Оросын боксын холбооны Эдмон Худоян нарын  тулааны үеэр эхний раундад орос боксчин хоёронтоо мөргөсөн гэхчилэн рингэний шүүгчээс хоёр торгуул ногдуулж, улмаар хоёр дахь үед мөн л бохир аюултай үйлдэл удаа дараа гарган тоглож байна гэж үзэн тоглолтыг зогсоон ялалтыг япон тамирчинд заалаа.

Гэхдээ наран улсын боксчидын өнгө өмнөх хэдэн жилийнхтэй харьцуулбал илт өндөр түвшинд очиж байгааг өгүүлсний зэрэгцээ эдгээр боксчин бүгд медаль дээр бууна гэвэл магадлал бас буурна.  

Энэ оны 09 дүгээр сарын эхээр ОХУ-н Кемерова хотод зохиогдсон Оросын улсын аваргын 48кг-н шигшээ тулаанд Эдмон Худоян нь Игорь Царегородцевтой тулалдахад хэт доогуур орж, басхүү мөргөсөн, зууралдсан, мөн л дээрх япон боксчинтой тулсан шиг иймэрхүү байдал анзаарагдаж байсан хэдий ч улмаар шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Худоян аваргалж, аваргын бүс, 500 мянган рубль, Лада веста машины түлхүүр гардсан билээ. Уг нь дэд байранд орсон орос боксчин тун уран гоё хөдөлгөөнтэй залуу харагдсан боловч оросын шигшээд багтан дээшээ олон улсын давцанд тулалдах боломж нь Худоянд илүү гэж оросууд үзсэн бололтой, гэхдээ энэ бол тэдний мэдэх асуудал биз.

Авууштай тал гэвэл ОХУ-н боксын холбооноос 2019 онд эрэгтэй, эмэгтэй боксчдын ДАШТ-г эх орондоо зохион байгуулж, улмаар Токио 2020 оны Зуны наадмаар амжилттай оролцож 6 медальтай, багаараа гуравт орсон билээ. Харин энэ удаагийн ДАШТ-д улсын шинэхэн аваргуудаа сойж, оросын боксын “школ” ундарга, нөөц сайтайгаа харуулах, улмаар өмнөх үеийнхний өндөр түвшиндээ хүрэхийг зориж байгаа нь илт байна, мөн 2016, 2018 оны дэлхийн залуучуудын аваргын тэмцээнүүд болон Европын залуучуудын рингэнд тодорч байсан залуучууд нь уг  итгэлийг биелүүлэх боломж нь хангалттай байна.      

Хэдийгээр Токио 2020 Зуны олимпын наадамд оролцсон дүнгээрээ тааруу байсан хэдий ч Белградын ДАШТ-д Казакстаны баг хамгийн сайхан бэлтгэлтэй байна, тэмцээний эхний долоон өдрийн тулааны дараа 13 жингийн хамгийн хүнд гурван жингийн боксчид л үзэгчдийн суудалд шилжсэн байна, мөн Оросын боксын холбооны шинэ залуучууд, Куба, АНУ, Франц, Тайланд, Узбекстан, Энэтхэгийн багийн боксчид удаа дараалан ялалтаа баталгаажуулсаар урагшилж байна.

Тухайлбал Белградын ДАШТ-ний медалийн төлөө өрсөлдөөнд Казакстан 10, Оросын боксын холбооны шигшээ 8, Куба 6, Узбекстан 6, АНУ 5, Энэтхэг 2, Тайланд 5, Азербайжан 4 гэхчлэн Ази тивээс нийт 36 боксчин шалгарсан байна.  

АНХ УДАА ШУУД ДАМЖУУЛАЛТААР ҮЗЭВ

Энэ удаагийн боксын ДАШТ-ийг Юнившн кабелийн телевиз албан ёсны эрхтэйгээр манай боксын мэргэжилтнүүдийн тайлбартайгаар анх удаа шууд дамжуулан гаргасанд талархаад баршгүй. Үүнийг өгүүлэгчийн зүгээс анх 1978 оны Белградын ДАШТ-ийг тухайн үеийн Зөвлөлтийн төв телевизийн шууд дамжуулж байсныг алдаг оног харж байсан ба тус тэмцээний финалын тулааныг ч шууд дамжуулан үзүүлж байснаас санаанд тод үлдсэн нь зөвлөлтийн нэрт мастер Виктор Савченкогийн хүнд цохилтоор ялж байсан зарим тулаан санагдаж байна.

Тэртээ үед Зөвлөлтийн төв телевизээр олимп, дэлхий, Европ тивийн хэмжээний тэмцээнүүдийг хоккей, хөлбөмбөг, уран гулгалт гэлтгүй боксын тэмцээнийг ч дамжуулан үзүүлдэг байсны нэг тод жишээ 1978 онд домогт Мохамед Али Монералийн 1976 оны Зуны олимпын аварга Леон Спингс нарын даага нэхэх 15 раундын тулаан билээ.

Ингээд “Белград”-ын сэдэв дээр нэмж өгүүлэхэд 1970-с 1980-аад оны Улаанбаатарт хавар болгон зохиогддог “Интернационал” ОУТ-нд нэгэн удаа 1978 оны Белградын дэлхийн аварга польшийн Хенрик Средницкий хүрэлцэн ирж манай залуу боксчинд эхний тулаанаар ялагдаж байсныг хэлье. Сэдвээсээ нэлээд хальсанд уншигчдаас хүлцэл өчиж байна.

Дэлхийн хүн төрөлхтөн цахим ертөнцийг буй болгон хөгжүүлсний буянаар АИБА буюу Олон улсын боксын холбоо 2009 оны Миланы ДАШТ-аас эхлэн өнөөг хүртэл албан ёсны сайтаар, youtube сувгаар дэлхийн аваргын тэмцээнүүдийн бүх тулаануудыг шууд дамжуулан хүргэж ирснийг бас хэлэх хэрэгтэй болов уу.  

КУБЫН ХУЛИО ЛА КРУЗ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙ ЗУРГАА ДАХЬ МЕДАЛИА ЗҮҮВ

Энэ удаагийн Белградын ДАШТ-ээр Куба-5, Казакстан-5, Оросын боксын холбоо-5, Тайланд боксын холбоо-4, АНУ-4, Франц-3, Азербайжан-3, Узбекстан-2, Япон-2, Гүрж-2, Беларусь-2, Итали-2, Энэтхэг, Иран, Доминиканы БНУ, Турк, Шотланд, Албани, Бельги, Серби, Бразил, Испани, Армен, Тринадад-Табого улсаас тус бүр нэг боксчин медалийн болзол хангажээ. Эдгээрээс Ази тивийн 14 боксчин дэлхийн медальтан болж байна.

Дэлхийн 4 удаагийн аварга, дэлхийн хүрэл медальтай Кубын 32 настай Хулио Ла Круз 6 дахь медалиа,

Дэлхийн 3 дахь медалиа Энди Круз /Куб/, Хованнес Бачков/Арм/

Дэлхийн 2 дахь медалиа Сакен Бибосинов /Каз/, Биллал Беннама /Фра/, Софиан Оумиха /Фра/ нар зүүлээ.   

Түүнчлэн энэ өдөр ёстой л од нь гийсэн боксчид гэвэл Ираны 60кг-н 21 настай Даниял Шахбахши Азийн аваргын мөнгөн медальтан бөгөөд манай мастеруудын нударганы амтыг ч үзэж байсан нэгэн, 63.5 кг-д Шотланд Рийз Линч, 71кг-д Албанийн Албан Бечири, 86кг-д Бельгийн тамирчин Виктор Шелстраете нар улсынхаа боксын түүхэнд анхны медальтан нь болж, ширэн бээлийтний спортын замналдаа тод мөрөө үлдээж чадлаа.  

Ингээд Серби улсын нийслэл Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 24-с 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах 21 дэх тэмцээний аваргууд алтан медаль, үлэмж хэмжээний долларын эзэн, аваргын бүстнүүд тодорлоо. Мөн багийн дүнгээр Куба-3, Казакстан-2, АНУ-2, Япон-2, , ОБХолбоо /ОХУ/, Азербайжан, Франц, Украйн тус бүр нэг алтан медаль хүртлээ.

48кг.

Алт: Темиртас Жусупов /Каз. 33 настай/ Мөнгө: Вуттичай Юрачай /ТБХолбоо, 29 настай/ Хүрэл: Евгений Кармильчик /Беларь/ Хүрэл: Сахил Алахвердови /Гүрж/

51кг.

Алт: Сакен Бибосынов /Каз. хошой медальтан, 20 настай/ Мөнгө: Роско Хилл /АНУ, 27 настай/ Хүрэл: Ахтем Закиров /ОБХ/ Хүрэл: Танарат Саенгпэт /ТБХ/

54кг.

Алт:Томоя Цубой /Япон улсын сонирхогчийн боксын анхны алтан медальтан боллоо, 25 нас/ Мөнгө: Махмуд Сабырхан /Каз. 20 настай/ Хүрэл: Акаш Кумар /Энэт/ Хүрэл: Биллал Беннама /Фра. хошой хүрэл медальтан боллоо/

57кг.

Алт: Жамал Харви /АНУ, 19 настай/ Мөнгө: Серик Темиржанов /Каз. 23 настай/ Хүрэл: Самуэль Кистохурри /Фра/ Хүрэл: Освел Кабалеро /Куб/

60кг.

Алт: Софиан Оумиха /Фра. дэлхийн хошой аварга боллоо, 26 нас/ Мөнгө: Абдумалик Халоков /Узб. 21 нас/ Хүрэл: Даниал Шахбахш /Иран улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо// Хүрэл: Алекс де ла Круз /Домник/

63.5кг.

Алт: Энди Круз /Куба, 3 дахь алтан медаль, 26 настай/ Мөнгө: Керем Озмен /Турк, 21 настай/ Хүрэл: Рийз Линч /Шотланд улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо// Хүрэл: Хованнес Бачков/Арм. Дэлхийн аваргын гурван хүрэл медалтан боллоо/

67кг.

Алт: Севон Оказава /Япон улсын сонирхогчийн боксын анхны алтан медальтан боллоо, 25 нас/ Мөнгө: Омари Жонс /АНУ, 18 настай/ Хүрэл: Аблайхан Жусупов /Каз. Дэлхийн аваргын гурван хүрэл медалтан боллоо/ Хүрэл: Лаша Гурули /Гүрж/

71кг.

Алт: Юрий Захариев /Украйн, 19 настай/ Мөнгө: Вадим Мусаев /ОБХолбоо, 28 настай/ Хүрэл: Сархан Алиев /Азер/ Хүрэл: Албан Бечири /Албани улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо//

75кг.

Алт: Йоенлис Эрнандес /Куб. 24 настай/ Мөнгө: Жамбулат Бижамов /ОБХолбоо. 20 настай/ Хүрэл: Сальваторе Кавальяро /Ита/ Хүрэл: Вийрапон Жонжохо /ТБХ/   

80кг.

Алт: Робби Гонзалес /АНУ, 25 настай/ Мөнгө: Алексей Альферов /Беларусь, 21 настай/ Хүрэл: Савели Садома /ОБХ/ Хүрэл: Владимир Мирончиков /Серби улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо//

86кг.

Алт: Лорен Альфонсо /Азер. 26 настай/ Мөнгө: Кено Мачадо /Бра. 21 настай/ Хүрэл: Виктор Шелстраете /Бельги улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо/ Хүрэл: Херич Руиз /Куб/

-91кг.

Алт: Хулио Сезар Ла Круз  /Куб. Дэлхийн аваргын 5 дахь алтан медаль нийт 6 дахь медалиа зүүж байна, 32 настай/ Мөнгө: Азиз Аббес Моухидин /Ита. 23 настай/ Хүрэл: Мадияр Сайдрахимов /Узб/ Хүрэл: Энмануэль Рейес /Исп/

+92кг.

Алт: Марк Петровский /ОБХолбоо, 22 настай/ Мөнгө: Давид Чалоян /Армен, 24 настай/ Хүрэл: Махаммад Абдуллаев /Азер/ Хүрэл: Нейжел Пол /Тринидад ба Тобаго Тус улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо/

Үүний сацуу энэхүү тэмцээний төгсгөлд шилдэгүүдийг тодруулахад:

Шилдэг шүүгчийн шагналыг Славак улсын Симон Радослав, Шилдэг багаар Кубын шигшээ баг, Олимпын наадмын хамгийн шилдэг боксчинд олгодог Вал Баркерын Цомыг Кубын Энди Круз Гомес тус тус гардан авлаа. 

Ийнхүү Серби улсын Белград хотод Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн өндөрлөж, дараагийн эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын 22 дахь тэмцээн Узбекстаны Ташкент хотод 2023 онд зохиогдох болсон, түүнчлэн Дэлхийн эмэгтэй боксчидын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 04-өөс 19-ний өдрийн хооронд Туркийн Стамбул хотод 48кг, 50кг, 52кг, 54кг, 57кг, 60кг, 63кг, 66кг,70кг,75кг,81кг,+81кг гэсэн 12 жингээр явагдаж, алтан медаль 100 мянган, дэд байр 50 мянган, гуравдугаар байр 25 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ.    

Бэлтгэсэн: Хувцагааны Баттулга


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна