Соёлын сайд Ч.Номин Өргөмжит консул Каваүчи Широг хүлээн авч уулзлаа

Отгоо
2021 оны 11-р сарын 18 -нд

Соёлын сайд Ч.Номин Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широг энэ сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Ш.Каваүчи нь 2017-2020 онд Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж байсан бөгөөд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг юм.

Мөн ноён Ш.Каваүчи нь Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний хувилбарыг өөрийн зардлаар хийлгэж “Чингис хаан”-ны музейн үзвэрт хандивлаж байгаа юм.

Иймд, Соёлын сайд Ч.Номин Өргөмжит консул Ш.Каваүчид манай хоёр улсын харилцааны чухал суурь болсон соёл, ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлж, эрүүл энхийг хүслээ.

Мөн Монгол Улс, Япон Улсын хороонд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиох бөгөөд хоёр тал 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгосон тул Соёлын яам соёл, урлагийн чиглэлээр зохион байгуулах арга хэмжээг идэвхтэй дэмжиж ажиллана гээд Өргөмжит консулын хариуцан ажиллаж буй тойрогт Монголыг сурталчлах ажлыг зохион байгуулах чиглэлээр Өргөмжит консултай үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна