Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсгэхгүй байхыг даалгав

Отгоо
Лхагва, 09:51 минут

Улсын онцгой комиссын 28 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар  Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Эм, эмнэлгийн хэрэгслийн 3 сарын нөөц бүрдүүлэх, Хилийн боомтуудын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  хэлэлцлээ. 

Эрүүл мэндийн сайдын мэдээллээр 3-р тунд хамрагдалт нэмэгдэж байгаа нь халдвар буурах үндсэн шалтгаан гэлээ. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.4 хувь нь 1-р тунд, 66 хувь нь 2-р тунд, дархлаажуулалтын нэмэлт тун буюу 3-р тунд 18 хувь нь хамрагдаад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 50 хувиар буурч одоогоор 8100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Нас баралт буурч, жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар өвчлөх нь 40 хувиар буурсан гэж танилцууллаа.

Малын гоц халдвар Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд С.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нийт 3 удаагийн татан авалтаар 10,0 сая тун вакциныг хүлээн авч, нийт  14 аймгийн 124 сумын нийт 16,2 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулаад байна. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хуралдаанд хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт тал дээр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын  газрын даргад анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Улсын эмнэлгүүдэд хангалт сайн боловч хувийн эмнэлгүүдэд хангалт ямар хэмжээнд байгааг судалж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстойг санууллаа. 

Мөн вакцинжуулалтыг идэвхжүүлэх, нэмэлт тунгийн талаар иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад, Нийслэл, орон нутгийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл сайтар хангуулах, сайжруулсан түлшний нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна