Цаа бугыг зургаа дахь хошуу мал болгож, малчин өрхөд тооцогдох хүсэлтээ илэрхийлэв

Отгоо
Лхагва, 11:47 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа.

Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр зүүн, баруун тайгад амьдарч байгаа цаатан иргэдтэй уулзлаа. Тэр бүр уулзаад байдаггүй цаатан иргэд төрийн тэргүүнийг ирэх сургаар зүүн тайгадаа цугласан байлаа.

Цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнээ  борлуулж орлого олох боломж хомс. Төрөөс сар бүр тэтгэмж авдаг болсон нь амьдрал ахуйд нь маш их нэмэр болж байгааг цаатан иргэд хэлж байлаа. Цаатан иргэд цаа бугаа хүнсэндээ хэрэглэхээ бараг больж, энэ хэрээр нэг үе 400-аар тоологдож байсан цаа бугын тоо толгой одоо 2,000 гаруй болжээ.

Тайгад амьдардаг цаатан иргэнд 2013 оноос эхлэн Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинтэй , хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр тэтгэмж олгодог болсон. Цаатан иргэн энэ онд сар бүр 213800, хүүхэд 106900 төгрөг авч байна. Мөн 2016 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцаж, нийгмийн даатгалд хамруулж байгаа юм.

Өнөөг хүртэл тэтгэмж, шимтгэлд нийт 5.2 тэрбум төгрөг зарцуулсан. 2021 оны 10 дугаар сарын байдлаар гэхэд л 395 иргэн, хүүхдэд 671 сая төгрөгийн тэтгэмж олгож, 192 хүний 140 орчим сая төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаад байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэллээ.

Цаатан иргэд цаа буга маллахыг туслах аж ахуйд тооцож байгааг өөрчилж зургаа дахь хошуу мал болгох хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийллээ. Ингэвэл цаатан иргэд малчин өрхөд тооцогдож тэтгэвэр авах, арилжааны банкны зээлд хамрагдах зэрэг боломж бүрдэхийг хэллээ.

Мөн Улаан тайгыг улсын тусгай хамгаалалттай газар болгосон нь цаа бугаа маллаж амьдрахад хүндрэл үүсгэж байгаа учир дэглэмийг нь бууруулахад анхаарахыг хүсэв. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын багийн эмч Н.Даваажав эм, тарианы байнгын нөөцтэй байх, багийн эмчид олгодог байсан 40 хувийн нэмэгдлийг сэргээхийг хүслээ.

2022-2023 оны хичээлийн жилээс хүүхдүүдэд тува хэл заах болсонд талархаж байгаагаа сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Оюунбадам хэллээ. Цаашид зуны улиралд залуусыг тува хэлний сургалтад хамруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Өвөрмөц соёл, аж ахуйтай цаатан иргэдийг төр, засаг онцгойлон анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодотгож, тулгамдсан асуудлыг нь цогцоор нь судалж үзэхээ хэлэв.

Мөн хилийн 0257 дугаар ангийг өргөтгөж, ирэх жилээс Цагааннуур суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих болсныг дуулгав. Түүнчлэн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчноо хамгаалах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр ажиллахаа хэлж, цаатан иргэдийг ой мод, гол усаа хайрлаж хамгаалж байхыг захилаа.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна