Монгол Улс болон Чех Улс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Отгоо
Лхагва, 12:02 минут

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим уулзалт хийж, нисэхийн салбарт Чех Улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Мөн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон болон Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн яам хооронд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох,өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Бүгд Найрамдах Чех Улс нь ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр дэлхийд дээгүүр ордог өндөр хөгжилтэй орон төдийгүй тус салбарт 100 гаруй жилийн туршлагатай. Мөн тус улс нь нийт 290 олон улсын болон орон нутгийн шинж чанартай нисэх буудал, нислэгийн зурвасуудтай ба  40 гаруй  компани 57 төрлийн том, жижиг төрөл бүрийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг. 

Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсаас L-410 онгоцыг авч ашиглаж байсан туршлагатай. Манай улсад Чингис хаан Олон Улсын нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлыг ерөнхий нислэгийн чиглэлээр хамтран ашиглах, сургалтын чиглэлээр  Чехийн талтай хамран ажиллах боломж буй талаар санал солилцсон юм. Энэ хүрээнд бага оврын онгоц угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боломж бий болсон. Түүнчлэн Чехийн талтай манай улсын орон нутгийн нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамран ажиллах, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцав.  

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна