Беларусь улстай шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Отгоо
2021 оны 11-р сарын 25 -нд

Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.

Монголын тал ургамал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж зэргийг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд тодорхойлох хүсэлтийг тавилаа. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Беларусийн тал шинжлэх ухаан, инновацийн салбар дахь бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм.

Беларусь улс нь ойн суулгац экспортолдог улсын тоонд ордог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих төслийг хэрэгжүүлэхэд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны түвшинд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

Беларусь улсын тал мод тарих санаачилгыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БШУ-ы дэд сайд хамтарсан комиссын дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Беларусь улсын төлөөллийг Монгол Улсад урилаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна