E-OFFICE ЦАХИМ СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ САЙЖИРНА

Отгоо
2021 оны 11-р сарын 17 -нд

E-office цахим системийн аюулгүй байдал сайжирна

     Холбоо, мэдээллийн технологи, автомат-жуулалтын цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн инженерүүд ажлын байрны цахим систем буюу “E-Office”-ын аюулгүй байдлыг хамгаалах шинэчлэл хийж байна. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед таван жилийн өмнөх технологиуд хуучирч, халдлагад өртөх, мэдээлэл алдагдах эрсдэл өндөр болжээ. Иймээс Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех мэргэжилтнүүдээ урт хугацааны сургалтад хамруулж, инженерүүд ч өөрсдийгөө бие даан боловсруулж, судалгаа хийн шинэчлэлийн ажилд бэлтгэсэн. Ингэснээр хамгийн их мэдээлэл дамждаг E-Office системийг стандартад нийцүүлэн шинэчлэх ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэхийг шалгах ажиллагаа одоо ид явагдаж байна. 

Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон өдрөөс ажлын байрны цахим систем буюу “E-Office”-ын эрх үүсдэг. Ажилчид тэндээс хувийн мэдээллээ харахаас гадна үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэр, удирдлагын үүрэг даалгавар, үнэлгээ, ажлын цаг ашиглалт, ХАБ, халуун хоолны үйлчилгээ гээд хэрэгцээтэй бүх мэдээлэл авах боломжтой юм. Энэ шинэчлэлийн хүрээнд E-Office систем гар утасны хувилбартай болж уурхайчдад илүү ойртжээ. Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд E-Office шинэ системийг 12-р сарын 1-нээс ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

М.Одгэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна