ҮЙЛДВЭРИЙН ХЭМЖЭЭНД ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Отгоо
2021 оны 11-р сарын 15 -нд

Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

     Шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор Эрдэнэт сувиллын цогцолборын ковидын сүүлийн өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, хүн бүрт хувийн урьдчилан сэргийлэх дэг горимоо сулруулахгүй байх талаар байнгын зөвлөмж өгөх нь зүйтэй гэдгийг анхааруулав. Мөн ХАБЭА-н хэлтэс, Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн долоо хоногийн ажлын явцад анхаарал хандууллаа. БОНХХ-ийн мэдээлэлтэй холбогдуулан Хаягдлын аж ахуйд кальцихлорид урвалжийн тусламжтайгаар дарсан талбайд цагаан тоос дэгдэх ихсэж болзошгүйг анхааруулж, технологийн аргаа өөрчлөх, тухайлбал олон төрлийн поликулянт бодис ашиглах нь үр дүнтэй гэж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх сануулж, зөвлөв. Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, чанартай хангахад анхаарч байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн бол Геологи хайгуулын экспедицийнхэн геотехникийн төлөвлөгөөт өрөмдлөгийг энэ долоо хоногт дуусгахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт “Уурхайчин-1” хорооллын орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авсан бол “Уурхайчин-3” хорооллын дулаан сүлжээний насосыг ажлын өдрүүдэд багтаан татаж авахаар төлөвлөж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсээс уурхайчдынхаа дархлааг сэргээх , хамгаалах зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг зохион байгуулж байна. Энэ сарын 1-ний өдөр Спорт цогцолбороос “Дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа сэргээе” сэдвээр эхэлсэн тус аяны үйл ажиллагаа амжилттай, үр өгөөжтэй байгааг даваа гаригийн шуурхай зөвлөгөөний үеэр Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат онцоллоо. Спорт цогцолборын ажилтнууд эхний долоо хоногийн турш дасгал хөдөлгөөний ач тус дархлаа сэргээх  юугаар ч орлуулашгүй эм болдгийг зөвлөсөн бол Соёл урлагийн цогцолборынхон дуу бүжиг, хөгжмийн аялгуугаар дамжин хүний дархлаа үргэлж сэргэж, сайжирч байдгийг уриалсан юм. Тэгвэл энэ долоо хоногт  Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон “Эрүүл зөв хооллолт-зохистой амралт” дархлаа дэмжих үндэс гэдгийг таниулж, сурталчлах юм байна. Иймд үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй тус аянд цех нэгжүүд идэвхтэй оролцож, аяны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхийг удирдлагуудаас хүслээ. 

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний таван жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, дунд хугацааны 5 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно. Энэ ажлыг ШУТИС-ийн Бизнесийн сургуультай хамтран, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсэг зохион байгуулах юм байна. Цех нэгж, газар хэлтсийн мэдээллийн дараа Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн цаг үеийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, зарим төлөвлөгөөт бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах, шуурхайлж ажиллахыг холбогдох удирдлагуудад дахин үүрэг болголоо. 

М.Балжинням Фото Б.Баттөгс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна