АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ

Отгоо
2021 оны 10-р сарын 28 -нд

Аялал жуулчлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хамтран ажиллах санал солилцов

     БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн “Кто Улаанбаатар” төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Ким Кван Шиг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай өнөөдөр уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ноён Ким Кван Шиг “Цар тахал хумигдаж аялал жуулчлал дахин сэргэхэд Монголыг зорих аялагчдын ихэнх хувийг Солонгосчууд эзлэх дүр зураг харагдаж байна. Тиймээс Эрдэнэт хот, зэсийн хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог, өрсөлдөх чадвараараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Эрдэнэт үйлдвэрийн чиглэлд хөтөлбөр маршрут гаргах боломжтой” гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Кто Улаанбаатар” төлөөлөгчийн газартай хамтран эрүүл мэндийн хоёр удаагийн аялал зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдээ солилцон туршлага судлахаар төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон. Цаашид төлөвлөснөө хэрэгжүүлэхээс гадна оношлогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл, уурхайчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Ковидын дараах сэргээн засах эмчилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар хоёр тал санал солилцлоо. 

Энэ үеэр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх”, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах” төслүүд хэрэгжиж байгааг танилцуулсан юм.  

М.ОдгэрэлФото: Б.Баттөгс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна