Шинэ жилээр хөндөгддөг нэг асуудал бол хүүхдийн бэлэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжиннямаас тодрууллаа.
-Жил бүр л хүүхдийн бэлэгний асуудлыг ярьдаг. Худалдаа эрхлэгчид болон эцэг эхчүүдэд ямар зөвлөмж хүргүүлж байна вэ?
-Аав ээжүүдэд хүүхэд нь хамгийн чухал, хамгийн эрхэм байдаг. Тиймээс хүүхэддээ бэлэг сонгохдоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь онцгой анхаарах хэрэгтэй. Юуны түрүүнд хүүхдийн бэлэгний сахарын агууламжийг ярих ёстой. Хүүхдийн бэлгэнд сахарын өндөр агууламжтай чихэр, жимс гэхээсээ ном, оньсон тоглоом, үндэсний үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг сонгох боломжтой шүү дээ. Тиймээс бэлэг боохдоо, сонгохдоо ямар бүтээгдэхүүн авах вэ гэдгийг мөн хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хугацаа, сахарын агууламж зэргийг анхаараарай гэсэн зөвлөмжийг эцэг эхчүүд, худалдаа эрхлэгчдэд хүргүүлж байна.
-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд чиглэсэн хяналт шалгалт эхэлсэн үү?
-Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтын төлөвлөгөөгөө жилийн өмнө гаргадаг. Энэ дагуу шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийж эхэлсэн. Үндэсний үйлдвэр, импортын хүнс, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Зөвлөн туслана, улсын байцаагчийн үүрэг даалгавар өгнө, биелүүлээгүй бол зохих шатны арга хэмжээ авна гэдэг байдлаар урьдчилан сэргийлэх хяналт хийж байгаа.
Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага дижитал шилжилт хийж байгаатай холбоотойгоор хяналт шалгалтын арга барил өөрчлөгдөж байна. Тухайлбал, аж ахуйн нэгжээр өөрсдөөр нь эрсдэлийн үнэлгээ хийлгэж эхэллээ, цаашлаад 2022 оноос хяналт шалгалт цахим хэлбэрт шилжинэ.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна