Д.Амгаланбаатар: Түгжрэл олон хүчин зүйлээс хамаарч байгаа тул нэг ажил хийгээд бууруулж чадахгүй

Отгоо
2021 оны 12-р сарын 13 -нд

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатартай ярилцлаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүний ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж буй юм. Бидний яриа нийслэлчүүдийн “толгойн өвчин” болоод буй автозамын түгжрэл тойрсон асуудлаар өрнөлөө.

-Улаанбаатар хотын автозамын түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Оргил ачааллын үед явган хүний алхах хурдтай адил хэмжээнд байгаа талаар судалгаа гарсан байна лээ. Ерөнхий сайд ахалж, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулсан. Та энэ үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж байгаа. Богино, дунд, урт хугацаанд түгжрэлийг бууруулах ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотын автозамын түгжрэл олон жилийн туршид бий болсон маш том асуудал болчхоод байгааг надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэднэ. Тиймээс ганц нэг ажил хийгээд, Нийслэл хот маань дангаараа түгжрэлийг шийдэж чадахгүй учраас Ерөнхий сайдаар ахлуулсан Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан. Хорооны зүгээс аливаа шийдвэрийг гаргахаас өмнө уг асуудлын суурь шалтгаан юу болохыг тодорхойлох зорилгоор эрдэмтэн судлаачидтай олон удаагийн уулзалт хийж, мөн иргэдээсээ хоёр ч удаагийн санал асуулга авч, асуудлыг тал талаас нь харж, шийдлээ боловсруулахыг хичээн ажиллалаа. Иргэд болон мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгээс 150 гаруй санал, шийдэл гарсан. Түгжрэлийг бууруулах эдгээр арга хэмжээнүүд хоорондоо нягт уялдаа холбоотой, аль нэгийг нь дангаар хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулж чадахгүй. Тиймээс системтэй, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна.

Ажлын хэсгийн зүгээс шийдлээ боловсруулан өнгөрсөн сард үндэсний хороонд танилцуулсан. 2022 оны улсын төсөв саяхан батлагдлаа. Төсөвт Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолд тусгагдсан Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн суурь зарлагад тусгасан.

Түгжрэлийг бууруулах санхүүгийн эх үүсвэрийн дэлгэрэнгүй задаргааг удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Улаанбаатар хотын тойрог зам буюу нэг талдаа гурав, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд орсон. Түүнчлэн босоо болон хэвтээ тэнхлэгийн 150 гаруй км автозамуудыг улс, нийслэлийн төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байгаа.   

-Нийслэлчүүд өдөр дунджаар 2.5 цаг, жилд 35 хоногийг “зам дээр” өнгөрүүлдэг, түгжрэлээс алдсан боломжийн өртөг жилд 2.7 их наяд төгрөг гэх тооцоог танай хорооноос хийсэн байсан. Энэ нь автозамын түгжрэлийг яаралтай шийдэхээр байгааг харуулж байна. Нэн тэргүүнд ямар ажил хийвэл энэ тоо буурах бол?

-Өмнө хэлсэнчлэн замын түгжрэл маш олон хүчин зүйлээс хамаарч байгаа болохоор нэг ажил хийгээд бууруулж чадахгүй. Нэг ёсондоо хотын замын түгжрэлийг бууруулах ажил богино хугацааных биш гэдгийг аль аль талдаа ойлгох хэрэгтэй. Тиймээс шат дараатай олон ажлын нийлбэр дүнгээр үр нөлөөгөө өгөхөөр харагдаж байна. Үндэсний хорооны хуралдаанаар богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой, уян буюу зөөлөн бодлогоор хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах таван зорилт бүхий 50 орчим шийдлийг танилцуулсан байгаа.

Тухайлбал, насжилт өндөртэй, агаарын бохирдолд ихээхэн сөрөг нөлөөтэй тээврийн хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах, хяналт тавих, үзлэгт ороогүй, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зогсоолын төлбөр хураамжийн тогтолцоог боловсронгуй болгох, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт, жолооч бэлтгэх тогтолцоо, хариуцлага, ур чадварыг нэмэгдүүлэх, замын засвар арчлалтын тогтолцоог сайжруулах зэрэг ажлыг дурдаж болно. Үр дүн гаргахын тулд түгжрэлийн учир шалтгааныг зөв тодорхойлох нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Өглөө ажил эхлэх болон орой тарах цагаар хамгийн их түгжирдэг учраас цагийн зохицуулалтыг оновчтой хийх талаар ч яригдаж байгаа.

Энэ хүрээнд замын цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, нөгөө талаас технологийн шийдэл болон иргэдийн оролцоотой замын хөдөлгөөнд хяналт тавьж, жолооч, явган зорчигчдын хариуцлагыг нэмэгдүүлэх e-police системийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

ДАГУУЛ ХОТ БОЛОН ХАЯА ТОСГОДЫГ ХӨГЖҮҮЛЖ, ТӨВЛӨРЛИЙГ ЗАДЛАХ

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БАЙНА

-Нийслэлийн хүн ам анх төлөвлөснөөсөө 2-2.5 дахин их болсон. Дагуул хот байгуулахаар олон жил ярьж ирсэн. Энэ хөрсөн дээрээ бууж, ажил хэрэг болох боломжтой юу?-Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцдэг. Гэтэл ийм бага газар дээр нийт хүн амын 48 хувь нь амьдарч, хүн амын хэт төвлөрөл үүссэнээс нийгэм эдийн засаг, хот төлөвлөлт, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд олон сөрөг үр дагавар бий болгож байна.

Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь ч энэ хэт төвлөрлөөс хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн маш их байсан ба сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн амын тоо 310 мянгаар нэмэгдсэн байна. Энэ байдлаараа 2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 сая болж, Монгол Улсын нийт хүн амын 56 хувь нь нийслэл хотод төвлөрч, нэг га талбайд ногдох хүний нягтаршлаар одоо дэлхийд тэргүүлж буй Япон улсын Токио-Ёкохамагийн бүс, 13 дугаарт орж буй БНХАУ-ын Бээжин хотын түвшинд хүрэх төлөвтэй байна. Тиймээс одоогоос дагуул хот, хаяа тосгодыг хөгжүүлж төвлөрлийг задлах шаардлага зайлшгүй урган гарч байна.

Зарим судлаачид төвлөрөл эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй гэж үздэг ч манай нөхцөлд энэ нь хөрс, агаар, усны бохирдол зэрэг маш олон сөрөг үр дагавартай байгаа юм. Олон улсын жишгийг харахад ч гэсэн дагуул хотыг хөгжүүлж, хэт төвлөрлийг задалсан байдаг. Тухайлбал, 1975 онд Сөүл хот 6.9 сая хүнтэй болж, орон сууцны хомстол, түгжрэл, бохирдол, нийтийн үйлчилгээний ачаалал бий болж эхэлсэн.

Төвлөрлийг сааруулах зохицуулалтыг 1970 оноос хойш хийж эхэлсэн, тухайлбал, шилжилт хөдөлгөөнийг хориглох, Сөүл хотын оршин суугчдад оршин суух татвар ногдуулах хуулийг баталж, үйлдвэр барихад торгуулийн татвар ногдуулах, их сургуульд хамрагдахаар Сөүл хот уруу шилжин суурьшихыг хориглох, сургалтын төлбөрийг ялгаатай тогтоох, бусад бүс нутгийн их сургуулиудын ялгааг бууруулах зорилгоор үндэсний их сургуулиудын хооронд багш солилцооны хөтөлбөрийг бий болгох,  гэр бүлээрээ нүүх, төрийн албан хаагчдыг орон нутаг уруу шилжин ажиллахыг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд Сөүл хотод төвлөрөх хандлага эрс буурч, 1990-ээд онд шилжих хөдөлгөөн бараг зогссон. Нөгөө талдаа Инчон зэрэг дагуул хотуудад татварын таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөгжүүлж эхэлсэн байдаг.

-Орон нутагт суурьшсан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл, ажлын байрыг дэмжих чиглэлд ямар ажил хийх вэ?-Судалгаанаас харахад шилжилт хөдөлгөөн хийж буй үндсэн шалтгаан нь ажлын байр, орлоготой холбоотой байна. Мөн боловсрол эзэмших зорилгоор Улаанбаатар хотыг зорих хөдөлгөөн их байгаа юм. Тэгэхээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд томоохон ажлуудыг хийх шаардлагатай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр 100 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ төслүүд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна 180 мянган ажлын байрыг бий болгох тооцоо судалгаа гарсан. Тиймээс Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд эдгээр төслөө хөдөлгөх, хурдасгах шаардлагатай байгаа.

Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бага хүүтэй зээлийн дэмжлэг үзүүлэх, дараагийн шатанд гарахад нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг үзүүлэх саналыг боловсруулсан. Одоогийн хуулийн зохицуулалтаар орон зайнаас болон борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан хөнгөлөлтийг аж ахуйн нэгжүүд эдэлж байгаа. Уг зохицуулалтыг сайжруулах замаар орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих боломжтой гэж харж байна. Энэ талаарх саналаа ч үндэсний хороонд танилцуулсан. Мэдээж хэрэг орон сууцны хөнгөлөлттэй зээлийг орон нутагт түлхүү олгох, зээл олголтыг нэмэгдүүлэх замаар орон нутагт тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг ч гэсэн шат дараатай хийх нь зүйтэй.

-Орон нутаг руу очиж ажиллахад ажлын байр хомс байдаг. Ажлын байр бий болговол ямар хөнгөлөлт байх вэ. Мөн нийгмийн асуудлыг нь шийдэх хөшүүрэг хэрэгтэй санагдаж байна?-Энд яригдсан зүйлс эцэслэн батлагдаагүй, үндэсний хороонд танилцуулсан санал гэдгийг дахин сануулж хэлэх нь зөв байх. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг орон нутагт бизнес эрхлэх татварын таатай орчныг бүрдүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх хувилбаруудыг судалж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.10-д заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Тэгэхээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх уг татварын орлогыг орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулах зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд орон нутагтаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан, ажлын байр бий болгосон байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэх журамтай болох саналыг дэвшүүлсэн. Мэдээж хэрэг орон нутагт тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ болон шинээр бизнес эрхлэгчдэд санхүүгийн,  санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, улсаас дэд бүтцийг шийдвэрлэж өгөх, тодорхой хугацаанд үнэгүй газар эзэмшүүлэх гэх мэт ажлыг хийх хэрэгтэй.

-Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнд ямар бодлого баримтлахаар юм бэ?-Автомашины хэрэглээг шууд хязгаарлах нь буруу гэж бодож байна. Хэрэв ийм бодлого хэрэгжүүлэхээр болбол иргэдэд заавал сонголтыг өгөх шаардлагатай. Гэхдээ нэг зүйлийг иргэд маань зөвөөр ойлгох хэрэгтэй. Түгжрэлийн өөр нэг том шалтгаан нь автомашины тоо хэт нэмэгдсэн явдал. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын автозамын урт ердөө 18 хувиар нэмэгдсэн байхад автомашины тоо 2.8 дахин өссөн. Авто замын шинэчлэлт, өргөжүүлэлт нь автомашины өсөн нэмэгдэж буй хурдыг гүйцэж чадахгүй байна.

Мөн замтай холбоотой норм, стандарт, уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг ч авч үзэх шаардлагатай.  Жил бүр 60-80 мянга, зарим жилд 100 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байна. Ингэж хурдтай нэмэгдэж байгаа автомашины хэрэгцээг бодлогоор тодорхой түвшинд хязгаарлахгүй бол түгжрэлийг сааруулах хүрээнд хийж буй ажлууд ямар ч үр дүнгүй болно. Тиймээс автозамын даац, уулзваруудын нэвтрүүлэх чадвар зэрэгт тулгуурлан автомашины тоог тодорхой түвшинд барих нь зүйтэй гэж харж байна. Ялангуяа хуучин, өндөр насжилттай, осолд орж ашиглах боломжгүй болж эвдэрсэн, агаарын бохирдолд сөрөг нөлөө ихтэй автомашинуудын импортыг хязгаарлах, татварыг нэмэх талаарх санал боловсруулсан байгаа.

-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг ухаалаг системд нэвтрүүлэх талаар та танилцуулгадаа дурдаж байсан. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?-Замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг ашиглах, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг систем нэвтрүүлэх нь чухал гэж харж байгаа. Уг ажлын эхний хэсэг нь тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох явдал юм. Энэ хүрээнд уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх тооцоо, судалгааг хийж байгаа.

Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлэх, дүрэм зөрчсөнөөр автозамд үүсэх ачааллыг бууруулах, цаашлаад иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох эрсдэлийг бууруулахад чухал нөлөөтэй. Үүнээс гадна нөхцөл байдлын мэдээллийг бодит цаг хугацаанд (тухай бүрд нь) авч, дүн шинжилгээ хийх, ингэснээр нийслэлийн аль хэсэгт, ямар хэмжээний түгжрэл үүсэж байгааг нарийвчлан тооцож, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулж, хянах, удирдах бүрэн  боломж бүрдэх юм.

-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах асуудалд ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ?-Автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээвэр маш том үүрэг гүйцэтгэх ёстой. Нийслэлийн нийтийн тээвэрт 1000 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд явдгаас 500 гаруйгийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс автобусны парк шинэчлэлийг шат дараатай хийхээр төлөвлөсөн.

Нийслэлийн 2022 оны төсөвт нийтийн тээврийн шугамд явах 200-300 шинэ автобус худалдан авах зардлыг суулгах тооцоо судалгааг холбогдох байгууллага хийсэн байсан. Үүнээс гадна автобусны зогсоолыг шинэчлэх, төлбөр хураамжийн системд шинэчлэлт хийх, нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт, маршрутыг хэрэгцээнд нийцүүлэн дахин төлөвлөх зэрэг ажлыг хийхээр тусгасан. Мөн олон жил ярьсан их багтаамжит тээврийг нэвтрүүлэх ажлыг ч төлөвлөж байгаа. Манай нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар болох тулгуурт гүүрэн байгууламж бүхий их багтаамжийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэлээ хангаж байна. Энэ  маш том ажил тул хугацаа их шаардах юм билээ.

-Улаанбаатар хотын “нэг төвт, шугаман хот”-ын төрхийг задалж, “олон төвт хот”-ын загварт шилжин хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, түгжрэлийн зам, тээвэр, логистикийн асуудлыг уян болон хатуу бодлогоор шийдвэрлэх талаар танилцуулгад дурдагдсан байсан. Тодруулбал?-Энэ хүрээнд нийт 18 зорилт, 108 арга хэмжээний санал боловсруулснаас уян буюу зөөлөн бодлогоор хэрэгжүүлэх ажлын саналыг өмнө танилцуулсан. Харин шууд хөрөнгө оруулалт буюу хатуу бодлогоор хэт их ачааллыг бууруулах 13 зорилт бүхий 70 гаруй арга хэмжээг урьдчилсан байдлаар боловсруулсан байгаа.

Тухайлбал, 14 байршилд гол гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэх, хороолол дундах холбоос замын сүлжээг нэмэгдүүлэх, дугуйн болон явган замын сүлжээг нэмэгдүүлэх, дөрвөн байршилд автозамын нүхэн гарц байгуулах, уулзварыг дахин инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг ажлыг дурдаж болно. Мөн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын ухаалаг систем, их багтаамжийн нийтийн тээврийг үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажил багтсан байгаа. Дээрх бүх ажлыг шат дараатай хийснээр автозамын түгжрэлийн индекс 50 орчим хувиар буурна гэсэн математик тооцооллыг хийсэн байгаа.

 Эх сурвалж: Gogo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна