ОХУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ.
Уг айлчлалаар гарсан үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалын үр дүнгийн талаар та танилцуулна уу?
- ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 100 жилийг үнэлж, дүгнэсэн. Ирэх 100 жилийн зорилго зорилт, ялангуяа хоёр орны хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээнд, дэлгэрэнгүй санал солилцлоо.
Энэ дагуу чиглэл бүрээр тодорхой шийдвэрүүд гарч байна. Үр дүнтэй, найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэсэн томоохон айлчлал болж өндөрлөж байна.
Монгол, Оросын харилцааны шинэ зууны эхлэлийг тавьсан айлчлал гэж хэлж болно. Улс төрийн хүрээнд олон асуудлын талаар санал солилцон нэгдсэн ойлголтод хүрсэн. Бид айлчлалын бэлтгэл ажилд нэг жилийн хугацааг зарцуулсан. Тодруулбал, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгууллаа.
ОХУ-ын хоёр шадар сайд, ОХУ-ын Төрийн думын орлогч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Прокурорын байгууллага гээд холбогдох бүх байгууллагын удирдлага Монголд айлчилж, бэлтгэл ажлын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны олон асуудлыг хөндөж тавьсан.
Сүүлийн жилүүдэд олон Засгийн газар, парламент дамжин яригдаж, шийдэгдэхгүй байсан аж ахуйн шинж чанартай гэж хэлж болохуйц асуудлыг 100 жилийн ойн хүрээнд шийдвэрлэлээ. Хамгийн сүүлд УИХ МОНПА-1, МОНПА-2 буюу Улаанбаатар төмөр замын нийгэмлэг дээр авсан томоохон зээлийг асуудлыг нэг талдаа шийдвэрлэсэн.
Үүнээс гадна хоёр улсын харилцаанд олон жил яригдсан асуудлуудыг энэ үеэр шийдвэрлэж чадсан гэдэг нь томоохон амжилт байлаа.
Ингэснээр хоёр улсын шинэ харилцаа, шинэ хамтын ажиллагааны 100 жил бол томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломж, үндэс суурийг тавьсан.
Хилийн боомтуудын нэвтрэх чадвар, хоёр улсын Алтанбулаг, Хиагтыг дамнасан хамтын ажиллагааны шинэ бүс байгуулах асуудлыг хөндөж, энэ чиглэлд тусгайлсан протокол байгуулагдсан.
- Хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр ямар ямар асуудал хөндөгдөж, тодорхой шийдвэрт хүрсэн бэ?
- Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн ганцаарчилсан уулзалт маш үр дүнтэй болсон. Энэ үеэр Монгол, Оросын төрийн тэргүүнүүд гурван цаг гаруй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны ойрын болон хэтийн төлөвийн талаар, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн, улс төрийн, цэргийн зэрэг томоохон үйл явцыг дүгнэж, харилцан байр сууриа илэрхийллээ.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлэлцээний үр дүнд Монгол, Оросын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулсан хамтарсан тунхаглал гарсан. Уг тунхаглал нь ойрын жилүүдэд болон дунд хугацаанд Монгол, Оросын хамтын ажиллагаа, харилцааны замын зураглалыг тохирсон гэсэн үг. Энэ бол хоёр улсын ойрын жилүүдэд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагаа явуулах салбарууд ямар үр дүн хүлээж байгаа чиглэлээр хамтарсан тунхаглалд тодорхой зааж, хоёр талаасаа харилцан тохиролцож орууллаа.
Тунхаглалыг хэрэгжүүлэх, хоёр орны найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн хугацаагүйгээр байгуулагдсан гэрээг дунд хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарна. Энэ хүрээнд нэлээд ажил хийгдэх болно.
Хоёр орны төрийн тэргүүний уулзалтаар яригдсан нэг томоохон зүйл бол Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах асуудал. 2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах гэрээ байгуулагдсан.
Энэ хүрээнд
нэгдүгээрт эрчим хүчний коридор байгуулах,
хоёрдугаарт байгалийн хийн хоолойг ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутагт дэвсгэр дээгүүр явуулна. Үүний ТЭЗҮ-г Газпром компани хийж дууссан байна. Ойрын долоон жилийн дотор хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө.
Төслийг цаашид хэрэгжүүлэхэд 1,500 гаруй ажилтан оролцоно. Эдгээр хүнийг сургах, бэлтгэх сургалтын хөтөлбөрүүд ч мөн гарч байна. Газпром компанид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг ч хөндсөн.
Гурав дахь асуудал бол төмөр замын шинэчлэлийн асуудал. Төмөр замын төв магистраль шугамыг шинэчлэх, техник, технологийн суурь бүтцийг шинэчлэх талаарх нь тунхаглал болон сайдуудын уулзалтын үеэр ч яригдсан байгаа.
Үүний зэрэгцээ босоо тэнхлэгийн төмөр замыг баруун зүүн талаараа шинэ коридор байгуулах талаар хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар хөндөгдсөн.
Тодруулбал, Арц сууриар орж ирээд урагшаа БНХАУ руу, Эрээнцаваас Бичигтийн боомт хүртэл төв магистралиас гадна гурван улсыг холбосон төмөр зам байгуулах талаар өргөн хүрээнд ярилаа.
Мөн автозамын коридор байгуулах талаар ч хэлэлцсэн. Тодруулбал, Хиагтаас Замын-Үүд хүртэл хурдны авто зам барих тухай хэлэлцсэн юм. Моксва, Бээжин хооронд хурдны зам тавих асуудал яригдаж, ОХУ-ын Красноярск хүртэл хурдны зам тавих бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнийг цааш сунгаж, урагшаа Хятад, Монгол, ОХУ-ыг холбосон хурдны авто зам тавих, шинэ коридор үүсгэх талаар ярилцсан.
Орос, Монголын хилд 29 боомт байсныг 13-аар цөөлж, цаашид 16 боомтоор үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Боомтууд нь эдийн засгийн эргэлт бий болгож, хоёр талдаа ашиг өгдөг байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Иймд боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах, хялбарчилсан шугамаар бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, цахимаар хоёр талдаа баримт бичгүүдийг солилцох гэх мэт протоколуудад гарын үсэг зурсан.
Цөмийн эрчим хүчний судалгааны төв байгуулах саналыг ОХУ-ын талаас хөндөж тавьсан. Энэ талаарх судалгааны ажлыг эхлүүлэхээр болж байгаа.
Мөн айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, банк санхүүгийн салбарт, төмөр замын Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон яриа хэлэлцээнүүд хийгдсэн.
Эх сурвалж: ikon.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна