ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 2 САЯ 350 МЯНГАН ТУН ФАЙЗЕР ВАКЦИНЫГ НИЙЛҮҮЛЖ ДУУСАВ

Отгоо
2021 оны 12-р сарын 30 -нд

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөсөн 2 сая 350 мянган тун файзер вакциныг хуваарийн дагуу нийлүүлж дууслаа.  Файзер вакцины сүүлчийн татан авалтыг 12-р сарын 28-д хийсэн юм.

КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Япон Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийт 21,6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлээд байгаа бөгөөд уг санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэн хамтран ажиллаж байна.

“Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зориулан Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй өгөөмөр дэмжлэг туслалцаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархал илэрхийлье. Түүнчлэн ард иргэдээ КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах ажлыг шуурхай бөгөөд амжилттай гүйцэтгэж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Бидний хамтран нийлүүлсэн 2 сая 350 мянган тун файзер вакцин нь зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулахад жинтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан онцлон тэмдэглэлээ.

“Төслийг хэрэгжүүлэхэд нөр их хичээл зүтгэл гарган ажилласан НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Үүний зэрэгцээ цар тахлын эсрэг цуцалтгүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Япон улсын санхүүгийн дэмжлэгээр худалдаж авсан вакцин нь КОВИД -19 цар тахлыг хумих, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, тус улсын нийгэм, эдийн засгийн байдлыг сэргээхэд тусална гэж найдаж байна” гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хироюки Кобаяши хэллээ.

2021 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын татан авсан КОВИД-19-ийн эсрэг нийт вакцины 46 хувийг Монгол Улсын Засгийн Газар, Япон Улсын Засгийн Газар болон КОВАКС хөтөлбөртэй хамтарч бүрдүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна