ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН, АНУ-ЫН ТНБД-ЫН ОРЛОГЧ У.ШЕРМАН НАР УТСААР ЯРИВ

Отгоо
2022 оны 1-р сарын 28 -нд

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын ТНБД-ын орлогч У.Шерман нар утсаар ярив.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ өдөр тохиож байгаатай холбогдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ойн хүрээнд хоёр талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин өнгөрсөн 35 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн хүрээнд улс төрийн итгэлцлийг хадгалж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.

ТНБД-ын орлогч У.Шерман АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ойг тохиолдуулан монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна