Зеленський: Өнөө шөнө өдрөөсөө хүнд байх болно. Украины хувь заяа одоо шийдэгдэх гэж байна

Отгоо
2022 оны 2-р сарын 26 -нд

Одоо Украинд шөнийн 3 цаг болж байна /Улаанбаатарт 9 цаг/. Тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэл хийхдээ "Өнөө шөнө өдрөөсөө хүнд байх болно. Манай улсын олон хот дайралтад өртөөд байна. Чернигов, Сумы, Харьков... Охид залуус маань Донбасст байна. Бид гол анхаарлаа Киевт төвлөрүүлж байна. Нийслэлээ алдаж болохгүй. 

Эх орноо хамгаалж буй дайчиддаа хандаж хэлэхэд дайснууд бидний тэмцлийг үгүй хийхийн тулд хамаг хүчээ манай бүх фронтод зориулна, хүнлэг бусаар, харгис хэрцгийгээр.

Бид өнөө шөнө тэсэж үлдэх шаардлагатайг та бүхэн ойлгох ёстой. Украины хувь заяа одоо шийдэгдэх гэж байна. Украины иргэн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Бие биедээ, өвгөд хөгшдөд, хүнд хэцүү байгаа нэгэндээ туслаарай. 

Аюул тулгарвал өөрсдийгөө хамгаалаарай. Харин эх орноо хамгаалахаар нэгдсэн бол хаа явсан газраа дайсныг зогсоогоорой. Хүнд шөнө байх болно. Гэхдээ өглөө болно. Украин мандан бадраг" гэжээ. 

Тэрээр "Энэ дайныг зогсоох нь бидний гол зорилго.  Дайснууд маш олон хүнээ алдаж байна. Манай хилийг давж, нутаг дэвсгэр рүү маань нэвтэрсэн олон зуун цэрэг амь үрэгдлээ. Харамсалтай нь манайх ч бас хүнээ алдаж байна. Украинчууд түрэмгийллийг баатарлагаар эсэргүүцэж байна. 

Хүүхдийн цэцэрлэг, оршин суугчдын дэд бүтэц рүү галлаж байгааг зөвтгөх арга байгүй. Украины цэцэрлэгийн хүүхдийн эсрэг дайн гэж юу байдаг юм бэ? Тэд хэн юм бэ? Тэд бас неонацистууд уу?" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна