“Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна

Отгоо
2022 оны 3-р сарын 12 -нд

Монгол-Кувейтын байгаль хамгаалах төвд “Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна. Тус өдөрлөгт Баян-Өлгий аймаг, Төв аймгийн арав гаруй бүргэдчин зорин иржээ. Мөн арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакир, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ц.Анандбазар болон ХБНГУ, Турк Улс, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд бусад албаны төлөөлөл оролцсон юм.

“Хаврын бүргэдийн баяр”-ыг УИХ-ын гишүүн Т.Аубикер, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ, Соёлын яам дэмжин ажиллалаа.

Тус баярын үеэр гар эдлэлийн худалдаа, бүргэдийн ан, урлаг соёлын арга хэмжээ, уламжлалт спортын наадмууд болж буй. Түүнчлэн хамгийн сайхан үндэсний хувцас, эмээл, морь шалгаруулах зэрэг олон төрлийн арга хэмжээгээр үргэлжлэхээр төлөвлөжээ.

Ингээд “Хаврын бүргэдийн баяр”-ын нээлтэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгын хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр “Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бид юуны өмнө жилийн дөрвөн улиралд жуулчдыг хүлээн авдаг болох юм. Үүний тулд улирлын хамаарлыг бууруулах аялал жуулчлалын нэгдсэн цогц бодлогыг боловсруулж, зорилго, зорилтоо тавин үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

БОАЖЯ Монгол Улсын өнцөг булан бүрт зохион байгуулагдаж байгаа 100 гаруй эвэнтүүдийг эрэмблэн, өвлийн спорт, үндэсний ёс заншил дээр тулгуурласан бусдаас ялгарах онцлогтой, олон жил зохион байгуулсан туршлагатай, гадаадын жуулчдын сонирхлыг татдаг, байгаль орчинд ээлтэй эвентийг онцлон дэмжиж ажиллаж байна.

Тэдгээр эвентийн нэг нь энэхүү “Хаврын бүргэдийн баяр” билээ. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай орон юм.

Баян-Өлгий аймагт анх “Бүргэдийн баяр”-ыг 1999 оноос Бугат суманд тэмдэглэж эхэлсэн бөгөөд цаашид дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь Бүргэдийн баярыг 2010 оноос эхэлж жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотод “Хаврын Бүргэдийн баяр” нэртэйгээр зохион байгуулдаг болсон юм.

Энэхүү ”Хаврын бүргэдийн баяр”-ын хөтөлбөрт жуулчдыг татахуйц олон сонирхолтой арга хэмжээ байдгийн зэрэгцээ баярын арга хэмжээг угтаж иргэдэд танин мэдэхүй, байгаль орчин, экологи, аялал жуулчлалын боловсролыг олгох “Аялал жуучлал ба бүргэдийн баяр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг болсоныг онцолмоор байна. Учир нь эрдэм шинжилгээний бага хурлаар шувуу судлаач эрдэмтдийн судалгаа, мэдээллийг сонсож, цармын бүргэдийг хамгаалах асуудлыг хэлэлцдэг юм. Энэ дашрамд шувуу судлаач эрдэмтдийн багтай хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлье.

Бүргэдийн баярын гол зорилго нь казах үндэстэнүүдийн уламжлалт соёлын хэлбэр болох ан авдаа цармын бүргэдийг ашигладаг зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэн үлдээж, түүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож дотоод гадаадын жуулчдад сурталчлахад чиглэгдсэн байдаг.

Улсын хэмжээгээр өнөөдрийн байдлаар 400 гаруй бүргэдчин байдгаас 80 хувь нь 30-70 насны хүмүүс байна. Мөн эмэгтэй бүргэдчдийн тоо ч нэмэгдэж байна. 2016 онд 19 настай охин Т.Айшолпаны тухай Холивудад АНУ-ын уран бүтээлчид баримтат кино хийж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Манай бүргэдчид гол төлөв хүн бүр 1-7 бүргэд, зарим нь 50 хүртэл бүргэд тэжээдэг ч гэсэн мэдээлэл байна. Бүргэд ба бүргэдчин хоёрын харилцаа буюу эзнээ дуулгавартай сонсох бүргэд, түүний сүрлэг дэвэлт, ан барьж буй байдлыг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна.

2019 онд “Хаврын бүргэдийн баяр”-т 200 гаруй, Бугат сумын “Бүргэдийн баяр”-т 1000 гаруй гадаадын жуулчин ирж байсан бол 2020 онд цар тахлын хүнд үе байсан хэдий ч Баян-Өлгий аймагт 25000 дотоодын жуулчид ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 4.2 дахин өсжээ.

Ингээд Юнескогийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн шувуучлахуйн уламжлалт зан үйлийг бүрнээ харуулдаг “Хаврын бүргэдийн баяр”-ыг удирдан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аубикер, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын Бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газарт БОАЖЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна