Ц.Нямдорж: ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 74,5 хувьтай байна

Отгоо
2022 оны 3-р сарын 16 -нд

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өчигдөр /2022.03.15/ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан бөгөөд төлөвлөгөө нь 6 бодлого, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74,5 хувийн /өссөн дүнгээр 19.5 хувь/ хэрэгжилттэй байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-д “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 04 дүгээр сарын 01-ний дотор хянан хэлэлцэнэ” гэж заасан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна