“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” төслийг ирэх сард Засгийн газарт танилцуулна

Отгоо
2022 оны 3-р сарын 18 -нд

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Удирдлагын багийн хамтарсан хурал өнөөдөр болж, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон НҮБ-ын төлөөлөл оролцов. Хурлыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар хамтран даргалав.

Хурлын үеэр НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн боловсруулалтын явц, ялангуяа түүний хэрэгжилтэд НҮБ-ын системийн байгууллагууд хэрхэн оролцох талаарх нэгдсэн зураглалыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа ирэх 5 жилд хүний хөгжил, сайн сайхан байдал, ногоон, хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлт,  хүн төвтэй засаглал, хууль дээдлэх, хүний эрх гэсэн 3 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжих бөгөөд хамтын ажиллагааны хүрээ баримт бичигт туссан үйл ажиллагааг хангахад

  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,
  • НҮБ-ын Хүүхдийн сан,
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,
  • НҮБ-ын Хүн амын сан,
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй байгууллага,
  • НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага зэрэг НҮБ-ын системийн болон төрөлжсөн 20 гаруй байгууллага хамтран ажиллах юм.

Хуралд оролцогчид ирэх 5 жилд илүү үр өгөөжтэй ажиллах, тусламж авагч бус түншлэгч байх, талуудын тэгш оролцоог хангах, залуусын идэвх, оролцоог үргэлжлүүлэх, уялдаа зохицуулалтыг хангах, бодит үр дүнд хүрэх, нотолгоонд суурилсан бодлогын чадавх бэхжүүлэх, төсвийн төлөвлөлтийг оновчтой хийх, зохистой хуваарилах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, санал бодлоо хуваалцав.

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төслийг энэ оны 4 дүгээр сард эцэслэн боловсруулж, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна хэмээн ГХЯ-наас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна