“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилов

Отгоо
2022 оны 3-р сарын 25 -нд

Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэснийг мэдээлсэн.  Энэ шийдвэртэй холбоотойгоор тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилж буйг тус үйлдвэрт ажиллаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр танилцуулав.  Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 2002 онд төгссөн, 43 настай. 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай боловсон хүчин аж. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид уг шийдвэрээ үйлдвэрийн өнөөгийн удирдлага болон албан хаагчдад мэдэгдэж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн цемент шохой ХК-д ажиллаж байна. 

Тус үйлдвэр нь хуурай аргаар 1 сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатарт компанийн ерөнхий нягтлан бодогчийг томилон ажилдаа шуурхай орох үүрэг өгөв. 

Үйлдвэрийн удирдлагууд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн гарын үсэг бүхий тогтоол нь хууль зөрчсөн хэмээн үзэж уг шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.  

Хөтөлийн цемент шохой ХК-ийн Гүйцэтгэх захирал Чинбат, Төр хувийн өмчийг дээрэмдэн авч байна. Өнөөдрийн шийдвэрийг бид гайхаж байна. Үйлдвэрийн хувьчлалыг буруу явуулсан гэх үндэслэлийг сонсмоор байна.

Би уул уурхайн  инженер хүн. Би хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн. Хэвийн ажиллаж байгаа үйлдвэр, хувьцаа эзэмшигчийн өмчийг би дур мэдэн шилжүүлэх эрхгүй. Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан. Төр хувийн хэвшлийн хоорондын гэрээгээ мөрдөхгүй байна. Хувьцаа эзэмшигчээс ямар нэг шийдвэр ирээгүй учир ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй гэж мэдэгдэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна