Ч.Наранбаатар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо

Отгоо
2022 оны 3-р сарын 29 -нд

МҮОХ-ны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж дууслаа.

Санал хураалтад 159 хүн оролцсоноос Ч.Наранбаатар 80 хүний саналаар тэргүүлж, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Мөн Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр 75 саналаар удаалж, дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

  • МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан,
  • Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа,
  • Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ,
  • Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй,
  • 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга,
  • Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхбат,
  • Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар нэр дэвшээд байв. Гэхдээ Ч.Зоригтбаатар нэрээ татсанаар өрсөлдөөн найман хүний дунд өрнөсөн юм.

МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТОДОРЛОО

МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв.

Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.

Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал /66 санал/, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр /65 санал/, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар /64 санал/, Монголын ширээний теннисийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа /61 санал/, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан /61 санал/ нар бусдаасаа хамгийн олон санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна