Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд цугларах 182 түр талбай байна

Отгоо
2022 оны 3-р сарын 30 -нд

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ Хот байгуулалт, хөгжлийн газрын /ХБХГ/ томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгасан юм. 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны A/59 тоот захирамжийн дагуу түр орон байраар хангах албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хийж байгаа аж. Энэ талаар ХБХГ-ын дарга Ц.Тулга “Гамшгийн үед түр орон байраар хангах алба Хот байгуулалт, хөгжлийн газарт бий.  Мөн Нийслэлийн Орон сууцны корпорац ХК, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг дөрвөн байгууллага хамтарч ажилладаг. Гамшиг тохиолдсон үед иргэд нэн тэргүүнд түр цугларах талбайд цуглах ёстой. Үүний дараа түр хоргодох орон байраар хангах, иргэдийг гамшгийн эрсдэлээс авран хамгаалахад НОБГ-тай хамтарч, НЗДТГ-ын харьяа байгууллагууд өөрийн чиг үүргийн дагуу оролцдог” хэмээн ярилаа.

"Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд хяналт, үзлэгийг хийнэ"

НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар “Энэхүү бэлэн байдлын үзлэгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд хяналт, үзлэгийг хийнэ. Түүнчлэн ерөнхий боловсролын 34, 75 дугаар сургуульд түр орон байрны үзлэг хийж, бэлэн байдлын үзлэгийн дүнг гаргах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд цугларах 182 түр талбай байна.Эдгээр талбайг ашиглахаас гадна түр орон байраар ашиглах боломжтой объектуудыг судалж байна. Аливаа гамшиг болоход арга хэмжээ авах мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага бэлэн байдлаа хэрхэн хангаж байгааг шалган, тухайн үзлэгийг хийж байна” гэж хэлсэн юм.  

"Түр орон байраар дөрвөн төрлийн  631 байгууламжийг сонгон авсан"

ХБХГ-ын Барилга байгууламжийн чанарын хэлтсийн дарга Н.Тамир “Гамшгийн үед түр орон байраар хангах албаны төлөвлөгөө, албан хаагч бүрийн гамшгийн үед хэрэглэх үүргэвч, дотор нь байх ёстой 15 эд зүйлийг НОБГ-аас шалгаж байна. Түр орон байраар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал, зочид буудал зэрэг дөрвөн төрлийн  631 байгууламжийг сонгон авсан. Эдгээр барилгыг түр орон байрны стандарт, норм дүрэмтэй болсны дараа түр орон байрны тоог эцэслэн гаргаж, НИТХ-аар эсвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулдаг” хэмээв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна