“Ой бол нөхөн сэргээгддэг баялаг тул цаашдаа зүй зохистойгоор ашиглана”

Отгоо
2022 оны 4-р сарын 08 -нд

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2022.04.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төсөлд ойн агентлагтай болгохоор тусгаж, ойн асуудалд анхаарал хандуулж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ойн зохистой хэрэглээнд хяналт тавьж, ойн цэвэрлэгээний асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллах шаардлагатай гэж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан тэрбум мод тарихад зарцуулах хөрөнгө, одоо байгаа ой модоо хамгаалахад зарцуулах санхүүжилтийн харьцуулалтыг хийх, цаашлаад ой модоо хамгаалах уриалга гарган ажиллах шаардлагатай талаар,  Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ойг хортон шавжаас хамгаалахад химийн бус биологийн аргаар тэмцдэг болсон тул ойг цэвэрлэх шинэ технологийг нэвтрүүлэх, хуш модоо хамгаалахад анхаарах талаар,  Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хамгийн их цөлжилт, хөрсний доройтолд орсон  говь, хээрийн бүс нутагт хийх тариалалтын 34 хувийг нэмэгдүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон моджуулалт үржүүлгийг хийх хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. 

Түүнчлэн гишүүдийн  зүгээс ойн менежменттэй холбоотой асуудалд нөхөрлөлүүд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаж байгаа эсэх, цаашдаа ойн нөхөрлөлд тавих шаардлага болон Монгол Улсын хувьд ойн талаар баримталж буй бодлогыг илүүтэй лавлаж байлаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хариултдаа, Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ойн тухай хуулийн дагуу ой бүхий нутгийн  байнга оршин суугч иргэдийн 80-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэй ойн нөхөрлөлийг баг, хороодын иргэдийн Нийтийн Хурлын саналаар сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн шийдвэрээр байгуулдаг. Ойн нөөцийг тодорхой болзол нөхцөлтэйгөөр ашиглуулдаг. Одоогийн байдлаар 22 мянган хүнтэй 1535 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нөхөрлөлүүдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх байдал харилцан адилгүй байгаа. Хуулийн дагуу ойн нөхөрлөлүүд эзэмшлийн ойдоо хортон шавжтай тэмцэх, устгал хийх үүрэгтэй ч биелэлт хангалтгүй байгааг онцолсон. Цаашдаа ойн асуудалд нөхөрлөл, орон нутгийн иргэдэд түшиглэж явуулах бөгөөд  хариуцлага, мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудалд анхаарч ажиллах болно гэв. 

Монгол Улс нэн тэргүүнд одоо байгаа ойгоо хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх бодлогыг баримталж байгаа. Ой бол нөхөн сэргээгддэг баялаг тул цаашдаа зүй зохистойгоор ашиглана гэдгийг Ажлын хэсгийн зүгээс тодотгоод Монгол орны ойн нөөц 1,2 тэрбум шоо метр гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. 

Ингээд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна