Нийслэлд авто замын 67 төсөл хэрэгжинэ

Отгоо
4-р сарын 26 -нд

2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тэдгээрийн 38 нь он дамжсан төсөл бол 29 нь шинээр хэрэгжих юм. Эдгээр төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн  Замын хөгжлийн газраас тайлбар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох,  Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар нар оролцож,  сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хятадын хөрөнгө оруулалт, зээлээр хэрэгжиж буй шинэ замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгнө үү?

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох:

-Нарны замын гүүрний тухайд 40.2 сая ам.долларын гэрээний өртөгтэй.  БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд хоёр удаа зээл авсан. Нэг тэрбумын зээлээр Налайхын замыг шинэчлэн барьж байгаа. 500 саяын экспортын зээлээр Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүр гэсэн төсөл хэрэгжсэн. Замын цагдаагаас бусад нь хэрэгжээд дууссан.

-Зам тавихдаа давхар бродюр байрлуулсан асуудал олон хүний шүүмжлэлд өртсөн. Та бүхэн хувийн компани тэгж тавьсан хэмээн тайлбарлалаа. Хяналтыг хэн тавих ёстой байсан бэ?

-Энэ талаар бид хувийн компанийнхантай уулзлаа. Орц, гарц гаргаж, машины зогсоол байгуулахдаа явган хүний замыг нарийсгаад давхар бродюр тавьчихсан байх магадлалтай. Түүнээс нийслэл болон улсын төсвөөс болон Замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил. Намъянжугийн гудамжинд хувийн компани зогсоол байгуулахдаа явган замын бродюртэй давхардуулсан байгааг бид шалгаж, тодруулж байна.

-Нарны замын ажил хэзээ дуусах вэ?

-Нарны замын барилгын ажлыг зургаадугаар сарын 30-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Нүхэн гарцаар зүүн тийш Сэлбэ голын гүүр хүртэл хоёр талдаа хучилт хийнэ. Олимпын гудамж орчимд мөн хучилт хийнэ. Явган хүний зам дутуу байгаа. Тавдугаар сарын 19-н гэхэд гүүрний металл хийц Монголд бууна. Тэгэхээр явган хүний гүүр  товлосон хугацаандаа ашиглалтад орно.

-Энэ жил нийслэлд ямар ямар авто замын ажил эхлэх вэ?

-Нийслэлийн замын сүлжээнд энэ жил шинээр 29 төсөл арга хэмжээ эхлүүлж буй бол 37 төсөл он дамжин хийгдэж байгаа. Томоохон зарим замаас дурдвал, 22-ын товчооноос хойш Дарханы замтай шууд холбосон 5 км зам, хотын төвийг Яармагтай холбосон дөрвөн гүүр бүхий авто зам барина. Шар хадыг Улиастайтай холбох төсөл мөн хэрэгжинэ.

-Явган хүний зам болон хашлага, бродюр тавьдаг хэчнээн компани байдаг вэ?

-Бродюрийг явган хүний зам, авто замтайгаа хамт тавьж байгаа. Дугуйн замыг хоёр газарт дангаар нь барьж байгаа. Өнөөдрийн байдлаар 23 компанийн гүйцэтгэгч хараахан тодроогүй байна. Бусад нь гүйцэтгэгч тодроод ажилдаа орсон.

-Дугуйн зам шаардлага хангахгүй байна гэсэн гомдол их гардаг.

-Дугуйн замын стандартыг нарийн мөрдүүлж байгаа. Зарим газарт орон зай чөлөөлөгдөөгүйгээс нарийссан гэх мэт алдаа гарч байсан. Нийтдээ 57 км урт дугуйн зам тавих юм. Энэ удаагийн дугуйн замыг алдаа мадаггүй хийлгэхээр бид тухай бүрд шалган ажиллаж байна.

-Яармагийн гүүрний нүхэн гарц зун болгон усанд автдаг. Үүнийг засаж сайжруулах уу?

-Нүхэн гарцад тийм алдаа байхгүй. Нүхэн гарцаас хойш чиглэсэн зам дээр ус тогтох нь бий. Уг замыг 2016 онд “Гудамж” төслийн хүрээнд барихдаа ус зайлуулах шугам тавиагүй юм билээ. Нүхэн гарцын хувьд усыг нь насосаар өргөж хаядаг. Насосны ашиглалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газар хариуцан ажилладаг.

-Монгол Улсад барьж буй замын асфальтын хучилтыг хэдэн см тавьдаг вэ?

-Тухайн авто зам дээр ямар даацын хэдэн машин явахыг тооцоод, зураг төсөл зохиогч зургийг зохиодог. Түүнийг экспертээр хянуулаад, барилгын ажлыг эхлүүлдэг. Тэгэхээр зам бүрийн зузаан, өргөний хэмжээ өөр өөр байна гэсэн үг.

-Энэ жил хэчнээн замын хашлага солих вэ?

-Хашлага солих ажил гэж байдаггүй. Замын шинэчлэлтийн ажлыг хийнэ гэдэг бол замынхаа геометр хэмжээсийг алдагдуулахгүйгээр хучилт болон явган зам, хашлагатай нь шинэчлэхийг хэлж байгаа. Их засвар гэвэл доод талын шугам сүлжээтэй нь иж бүрнээр шинэчлэхийг хэлж байгаа юм. Энэ жилийн хувьд Замын сангийн хөрөнгөөр хотын төвд хэд хэдэн газарт замын шинэчлэл хийнэ. Засгийн газрын ордны баруун, зүүн зам болон Гэсэр сүмээс өгсөж, уруудсан замыг шинэчилнэ. Эдгээр замыг 2007-2008 онд барьсан. Үндсэндээ 14-15 жил болж байгаа, эвдрэл гарч, урсгал засвараар янзалсаар өнөөдрийг хүрсэн. Энэ байдлаар цааш явбал ус чийг авснаас бүтцийн өөрчлөлт орох магадлалтай юм. Тэгвэл засварт гарах зардал улам бүр нэмэгдэнэ.

Бетон хучилттай замын эвдрэлийг гадаадын улс орнуудад 5-6 жилд шинэчилж засаж байдаг. Манайд хөрөнгө оруулалтын боломжоос шалтгаалаад 15 жил болгодог. Түүнчлэн чулуун замуудын тухайд хэсэгчилж засаж, сольж болдог онцлогтой.

-Авто замын хурд сааруулагчийн стандарт байна уу. Зам бүрд өөр өөр хурд сааруулагч тавьсан байх юм?

-Замынхаа ангиллаас хамаараад өөр өөр сааруулагч тавьдаг. Хурд сааруулагч тавих шаардлагагүй зам ч бий. Жишээ нь, Яармагийн замд хурд сааруулагч тавих боломжгүй. Учир нь тэнд тавих дүрэм байхгүй. Нэг эгнээтэй, хоёр урсгалтай гэхчлэн замын хурд сааруулагч бүгд өөр байгаа. Хүсвэл стандартыг нь нарийвчлан судлах боломжтой. Голчлон гарцын ойролцоо хурд сааруулагч байршуулдаг.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Энэ жил Замын сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх замын засвар шинэчлэлтийн ажил удахгүй эхэлнэ. Тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлэхэд бэлэн болоод байна. Гэсэрийн уулзвараас Тасганы овоотой холбогдсон зам болон Дөрөвдүгээр дэлгүүрийн хойд уулзвараас 32-ын тойрог хүртэлх зам болон усны гудамж, Содномын гудамж гэх мэт 14 байршилд замын шинэчлэл хийнэ. Дахиад хэлэхэд бродюр солих гэсэн тусдаа ажил байдаггүй. Замын шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн, муудсан хашлагыг сольдог гэлээ.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна