ЦАХИМ ХУВЬСЛЫГ АШИГЛАН, АРДЧИЛЛЫГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХАД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ

Отгоо
2022 оны 5-р сарын 10 -нд

Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, цаашлаад төрийн үйл хэрэгт шууд оролцох гэхчилэн Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөг өнөө цагийн технологийн хувьсгалаар дамжуулан эдлэх боломжийг D Parliament танд олгож байгаа юм.

Таны эрх ашгийг хамгаалсан бодлого шийдвэр, таны өдөр тутмын амьдралд нөлөөлөх хууль тогтоомжид та өөрөө үзэл бодол, санал сэтгэгдлээ тусгаж, идэвхтэй оролцохыг уриалан, уг цахим системийн хэрэглээг биечлэн танилцуулж, мэдээлэл солилцож байна.

Өнөөдөр тэртээ 30 жилийн өмнө ажил, амьдралын гараагаа эхэлж байсан Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлд D-Parliament вэб, аппликейшн хосолсон платформын функцууд болон хэрэглээ, ач холбогдлын талаар тайлбарлаж, ярилцлаа.


Анх 1992 онд тэр үеийн Зах зээлийн коллежийн Маркетинг, зах зээл судлалын тэнхимд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон, тухайн жилийнхээ намраас багшаар ажиллаж байсан цаг үеэ эргэн дурссан, зарим шавь нартайгаа хуучилсан дотно уулзалт болов. Шинэхэн багш шөнө бүр сууж, гадаад хэл дээрх сурах бичгүүдийг орчуулан, сургалтын хэрэглэгдэхүүнээ жагсааж, зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжсэн тэр үеийн нийгмийнхээ үйл явдал, үзэгдэл бүрт дүн шинжилгээ хийхээс эхлээд судалгааны ажлын минь бүхий л суурь эндээс тавигдсан гэхэд болно.

Унших бүр шимтэж, суралцах тусам тэмүүлдэг гэдгийг ойлгуулсан энэ лекцийн танхимд өнөөгийн оюутан, залуус сэтгэлгээний хурдаар гайхуулж, бүтээлч хандлагаар өрсөлдөж байгаа нь олзуурхууштай харагдлаа. D-Parliament платформоор дамжуулан ардчиллыг шинэ шатанд хүргэж, нийгмийг чиглүүлэх үйлсэд залуу үеийнхэн идэвх, оролцоогоороо манлайлах нь чухал юм.

Иргэн та D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгаж, парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна