Илон Маск мэдээлэл технологийн "Старлинк Сервисес Монголиа" компанийг Монголд байгуулжээ

Отгоо
2022 оны 5-р сарын 11 -нд

Space X, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск  "Старлинк Сервисес Монголиа" нэртэй компанийг Монголд байгуулжээ.

Уг компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад "Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, Метро бизнес центр, 10 давхар, 1001 тоот" хаяг дээр бүртгэлтэй байгаа бөгөөд гуравдугаар сарын 21-д байгуулсан байна.

Компанийн хувьцаа эзэмшигчээр "Starlink Holdings Netherlands B.V." байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байна.

Нидерландад бүртгэлтэй "Starlink Holdings Netherlands B.V." компанийн эцэг компани нь "Starlink Satellite Services Corp." бөгөөд түүний эцэг компани нь "Space Exploration Technologies Corp." буюу "Space X" юм.

Хиймэл дагуулын интернэтээр дэлхийг холбож буй "Starlink" компани өнгөрсөн гуравдугаар сард Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд байв. Филиппин нь Starlink сүлжээнд холбогдсон Зүүн өмнөд Азийн анхны орон болсон юм.

"Starlink" одоогоор дэлхийн бага тойрог замд 2000 гаруй жижиг хиймэл дагуул хөөргөсөн ба 30 орчим оронд үйлчилгээгээ нэвтрүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна