Шилдэг сувилагч нарт шагнал гардуулжээ

Отгоо
Баасан, 07:36 минут


Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд Монгол Улсын хувьд эл өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө шилдэг сувилагч нарт шагнал гардууллаа.

Нийслэлд 5000 гаруй сувилагч ажиллаж байна. Уг тэмдэглэлт өдрөөр Нийслэлийн Хүндэт тэмдгээр зургаа, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр тав, ЭМЯ-ны Жуух бичгээр хоёр, ЭМЯ-ны тэргүүний ажилтнаар нэг, нийт 14 сувилагч шагнал хүртэв.

Шагнал гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Сувилагч нар өөрийгөө үл хайхран бусдыг асарч тойглодог. Та бүхний хүчинд бид өнгөрсөн хоёр жилийн цар тахлын хүнд үеийг давж, өнөөдөр энэ танхимд амны хаалтгүй, гар барьж, нүүр нүүрээ харан уулзах боломжтой боллоо” хэмээн хүрэлцэн ирсэн сувилахуйн салбарын төлөөллүүдэд талархлаа илэрхийллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Өнөөдөр бол сувилагч мэргэжлээр бахархаж, уг мэргэжлийн үр шимийг хүртсэнд талархлаа илэрхийлээд зогсохгүй, хийсэн ажлуудынхаа үр дүнг хардаг, ирээдүйд хийх зүйлээ цэгнэдэг өдөр” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн 2022, 2023 онд нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлийн тусламж, үйлчилгээг түлхүү хөгжүүлэх, эмнэлгүүдэд эмнэлгийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, шинэ түвшинд гаргах, сувилахуйн үйлчилгээний газруудыг олноор нээн, сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Мөн шагнал хүртсэн сувилагч нар нийслэлийн удирдлагууд хийгээд Эрүүл мэндийн яамныхан ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлэн, шагнал олгосонд талархсанаа илэрхийлж байлаа.

Сурсан мэдлэг, дадсан чадвараараа өвдсөнийг сувилж, туйлдсаныг асран халамжилдаг сувилагч та бүхэнд Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дэвшүүлье.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна