НАТО-д элсэх шийдвэр гаргасных нь дараа Финланд улсыг ОХУ сүрдүүлэв

Отгоо
Баасан, 08:14 минут

Пүрэв гарагт Финланд улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар НАТО-д “хугацаа алдалгүй” гишүүнээр элсэхийг дэмжсэн шийдвэрээ зарласан юм.

Тус улсын парламент энэ асуудлыг Ням гарагт хэлэлцсэний дараа эцсийн шийдвэр гарна.

Финландын хөрш Швед улс бас ижил хугацаанд шийдвэрээ зарлахаар болжээ.

Эдгээр улсууд нь төвийн сахих гадаад бодлого тууштай баримталж ирсэн түүхтэй ч Украинд ОХУ зэвсэглэн халдсаны дараа байр сууриа огцом өөрчлөхөд хүрээд байна.

Финланд улс нь ОХУ-тай 1,300 км урт шугамаар хил залгадаг. Хэрвээ тус улс гишүүнээр элсвэл ОХУ-тай хамгийн урт шугамаар хиллэдэг НАТО-гийн гишүүн орон болох юм.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг хоёр улсын гишүүнээр элсэх хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэхээ өчигдөр амлажээ.

Харин ОХУ-ын гадаад хэргийн яам Финландын удирдагчдын шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан байна.

“Финланд улс НАТО-д элсвэл Орос-Финландын харилцаанд ноцтой хохирол учруулж, Умард Европын бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад бэрхшээл учрах болно. Үүнээс үүдэлтэй  аюул заналыг тогтоон барихын тулд ОХУ цэрэг зэвсгийн болон бусад хариу арга хэмжээг авахаас өөр аргагүй болж байна” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ.

Финландын ерөнхийлөгч Саули Ниинисто, ерөнхий сайд Санна Марин нарын хамтарсан мэдэгдэлд “НАТО-гийн гишүүнчлэл Финландын аюулгүй байдлыг сайжруулах болно. Бас Финланд улс НАТО-г улам хүчирхэг болгоно. Финланд улс цаг алдалгүйгээр НАТО-д гишүүнээр элсэх ёстой” гэсэн байна.

ОХУ-ын авч болзошгүй хариу арга хэмжээний талаар сэтгүүлчид асуухад Ниинисто “НАТО-д элсэх нь хэн нэгний эсрэг чиглэсэн алхам биш. Тэд (Орос) өөрсдөө л ингэхэд хүргэсэн. Толинд өөрийгөө харах хэрэгтэй” гэж хариулжээ.

Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгаар финчүүдийн 76 хувь нь НАТО-д элсэхийг дэмжиж, 12 хувь нь эсэргүүцсэн байна. Энэ бол Украинд дайн эхлэхээс өмнөх үеийн санал асуулгын үр дүнгээс эрс өөрчлөгдсөн үзүүлэлт юм.

Дэлхийн Хоёрдугаар дайны үед Финланд, Зөвлөлт Холбоот Улс хоёр эсрэг талд байсан. 1939-1940 онд болсон Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийг Финланд улс баатарлагаар няцааж байсан түүхтэй.

Гэхдээ энэ дайнд Финланд газар нутгийнхаа 10 хувийг Зөвлөлт Холбоот Улсад алдаж байжээ.

Дайны дараа өнөөдрийг хүртэл Финланд улс ямар нэг эвсэлд нэгдэлгүй, төвийг сахисан гадаад бодлоготой явж ирсэн юм.

Швед улсын хувьд ОХУ-тай хуурай газраар хил залгадаггүй. Харин Финланд гишүүнээр элсвэл НАТО-гийн ОХУ-тай залгах хилийн урт хоёр гаруй дахин нэмэгдэх юм.

 

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна