Л.Бямбасүрэн: "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг"-т хамрагдах иргэн 2019 оноос хойш ЭМД-аа төлсөн байх ёстой

Отгоо
2022 оны 4-р сарын 29 -нд

Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. Тодруулбал, Алсын хараа-2050, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Энэ дагуу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэх гэж байна. Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна. 18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна. 

Иргэдийг амьдарч буй дүүрэг, хороогоор нь хуваарилсан байгаа тул тэр дагуу эмнэлэгтээ очно. Үзлэг оношилгоог ажлын өдрүүдэд хийнэ. Харин зарим хувийн хэвшлийн эмнэлэг хагас сайнд ажиллахаа мэдэгдсэн. Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх учиртай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн үнэтэй. Мөн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, Скайтелын 9119 дугаараас залгаж байвал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгөх гэж байна хэмээн ойлгоорой. Орон нутагт зохион байгуулалтад орсон. Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт 50-60 хүн авахаар зохион байгуулж байна.

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар /ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн: 

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т  Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу ажил эрхлэгч, ажил олгогч талууд хувь тэнцүү хэмжээгээр даатгалаа төлөөд явж байгаа. Тодруулбал, ажил олгогч хоёр хувь, ажил эрхлэгч цалингаасаа хоёр хувийг тус тус төлсөн байх ёстой. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардана. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний дүн юм гэв.

Эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдах иргэн 2019 онд 38,400 төгрөг, 2020-2022 онд 50,400 төгрөг буюу нийт 189,600 төгрөгийг Даатгалын тухай хуульд заасны дагуу төлсөн байх шаардлагатай ажээ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд даатгалаа өөрсдөө төлдөг. Судалгаа хийж үзэхэд, даатгал төлөх насны нийт иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгал төлж, даатгалдаа хамрагдсан байдаг ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна