УУРХАЙЧИД “ЭРДЭНЭТ МАНДАЛ” ОВООГОО ТАХИЛАА

Амаржаргал
2022 оны 6-р сарын 09 -нд

  

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, зуны тэргүүн илүү сарын шинийн 10-ны лусын буулттай өдөр “Эрдэнэт мандал” овоогоо тахилаа. Бурхан багшийн сэрэг дүрийн “Жалданжанчүвлин хийд”-ийн ловон лам Б.Ганзам, Монгол Улсын гавъяат тамирчин, Үндэсний сур харвааны дархан мэргэн харваач, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нар  “Эрдэнэт-Мандал” овоог тахих зан үйлийг зон олонд тайлбарлав. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 7 хийдийн болон Хамрын хийдийн лам хуврагууд Итгэл, Ганданлхавжаа, Очирваань, Жамсран, Дашчарвэвийн сан уншиж “Эрдэнэт мандал овоог тайх зан үйлийг үйлдлээ.

Мөн тэнгэр хангайд өргөн сонордуулах айлтгал бичгийг Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх олонд зарлан сонордуулав. Тэрбээр:

”Нийтийн тооллын Нэгэн мянга 701 оноос Бурхан шүтээнээ тахиж Буурал хайрхнаа тайж ирсэн Даян дэлхийд өглөгч хайрхан тандаа Даатгал залбирлаа сонордуулах мину Эцэг тэнгэр  Этүгэн эх газар дэлхийн шүтээн “Эрдэнэт мандал” овоо хангай тандаа Айлтгалаа соёрхож Аврал одуулан залбирму Уурхайн гүнд эрдэнэсээ хадгалж Улс гүрнээ тэжээн тэтгэсэн Ард олноо Аврал ивээлдээ багтаан Аюул гамшгаас гэтэлгэн Ач буянаа хайрласан Тэнгэр, сахиус, газрын эзэн тандаа Түмэн олноо даатган залбирму Үр өгөөжөө бидэндээ харамгүй хайрлан Улс орны хөгжлийг түүчээлэн тэтгэсэн Өглөг буянтан Эрдэнэт мандал овооны эзэн тандаа Үйлдвэрлэл осолгүй, амин гарзгүй Үйлс бүтэмжтэй, амжилт арвин явахыг Нарт хорвоод Наманчлан сонордуулж Өсөн дэвжиж,өрнөн дэлгэрэхийн  Өлзий хутгийн,өлмийд тань сөгдөн Дүүрэн жаргалтай Түвшин амгалан амьдрахын ерөөл айлтгалыг хүлээн авна уу”

хэмээн уншиж тахилгын галд өргөв. Дараа нь Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан  тэнгэрт дуут сум тавьж, үйлдвэрийн удирдлагууд тахилгын идээ шүүсийг хөндөн дээжийг овоо, хангайд өргөсөн юм. Түүнчлэн Бурхан багшийн Сэрэг дүрийн “Жалдан жанчүвлин” хийдийн тэргүүн, гэвш лам Б.Мөнхтогоо Жамсран сахиусны хүлэг болох бор морийг  сэтэрлэх зан үйл үйлд зориулсан ном айлдлаа. Морины хүзүүнд хадаг уяж, айргаар мялаан, овоог нар зөв гурав тойрон гороолов. Төгсгөлд нь дэвжид сэржим өргөн,  даллага авч, ерөөл уншсанаар Эрдэнэт мандал овоо тахилгын үйл ажиллагаа өндөрлөлөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна