Ц.ОРГИЛ: ЦАГААН ТООСОН ДАХЬ ЦАЦРАГИЙН ТҮВШИН ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАЙГААГ ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛСАН

Амаржаргал
2022 оны 8-р сарын 02 -нд

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи, ионжуулагч цацрагийн үүсгүүрийн нэгэн томоохон хэрэглэгчид тооцогддог. Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтыг зохицуулах, цацрагтай ажиллагчдын цацрагийн хамгаалалтыг хангах, хяналт тавих зорилготой Цацрагийн аюулгүйн алба байгуулагдан тус үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн бүрэлдэхүүнд 2018 оноос ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал болон бусад орчны цацрагийн түвшин, түүнд тавьж буй хяналт шинжилгээний ажлын талаар Цацрагийн аюулгүйн албаны цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан Тэргүүлэх инженер Ц.Оргилтой ярилцлаа.  

-Юуны өмнө өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй ионжуулагч цацрагийн үүсгүүр хэчнээн байна вэ, өмнө нь 100 гаруй суурин ба зөөврийн үүсгүүр бий гэж тоо байсан, нэмэгдсэн байх?  

Манай үйлдвэр анх байгуулагдсан цагаас цөмийн технологийг хэрэглэж ирсэн. Цацрагийн үүсгүүрийг технологийн процессын хяналт, удирдлагад хүдрийн түвшин, материалын нягт хэмжих, хөрс, хүдэр, геологи хайгуулын дээж, металл, баяжуулагдаж буй материалын элементийн ба эрдсийн шинжилгээ, эрүүл мэндийн рентген оношилгоо хийх зэрэг зориулалтаар ашигладаг. Эдгээр цацрагийн үүсгүүртэй гардан харьцаж ажилладаг нийт 58 цацрагтай ажиллагчтай. Дэлхийд цөмийн технологийн хэрэглээ бүхий л салбарт нэвтэрч улам өргөжиж байгаа чиг хандлага нь манай үйлдвэрийн газарт ч мөн нөлөөлж байна. Үйлдвэрийн газрын технологийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэх, технологийн өргөтгөл, шинэчлэл явагдах хэрээр технологийн хяналтад ашиглаж буй цөмийн технологит цацрагийн үүсгүүрийн тоо мөн эрс нэмэгдэж байна. Тухайлбал, зөвхөн 2022 онд өмнө нь ашиглаж байгаагүй шинэ цэг, дамжлага дээр 36 ширхэг цөмийн хэмжүүр шинээр суурилагдаж, ашиглагдах гэж байгаа бөгөөд энэ онд мөн хуучнаар Медипас эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний төв нь үйлдвэрийн газрын харьяа Эрдэнэт Медикал эмнэлэг болсноор үйлдвэрийн газрын хэмжээнд ашиглагдах нийт цацрагийн үүсгүүрийн тоо 40%-иар нэмэгдэж, цацрагтай ажиллагчдын тоо 70 гаруй болж өсөж байна.

-Цацрагийн аюулгүйн алба Эрдэнэт үйлдвэрт 2018 оноос эхлэн ажиллаж байгаа. Ямар үүрэг чиглэл, зорилготой ажиллаж байна вэ? Хяналт шинжилгээг ямар хэлбэрээр хийдэг вэ?

Цацрагийн аюулгүйн алба нь зөвхөн үйлдвэрийн газрын хэмжээнд ашиглаж буй цацрагийн үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэйгээр байгуулагдсан ч  үйлдвэрлэлийн бүсийн орчны цацрагийн хяналт, мониторингийг давхар хэрэгжүүлж ирсэн. Орчны цацрагийн хяналт, мониторингийг дараах үндсэн 3 чиглэлээр хийж гүйцэтгэж байна. Байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хэмжилт хяналтыг бид үйлдвэрлэлийн бүсийн 5 цэгт хагас жилд 1 удаа хийдэг бол ажлын байрны цацраг идэвхт хийн буюу радоны хэмжилт хяналтыг улиралд 1 удаа хийж байна. Гурав дахь чиглэл маань байгалийн ба зохиомол цацраг идэвхт изотопын хэмжилт шинжилгээ. Үүнийг  2019 оноос эхлэн 10 төрлийн хатуу материалд, 16 төрлийн шингэн материалд жилд 1 удаа хийж байгаа.

Байгалийн ба зохиомол цацраг идэвхт изотопын хэмжилт шинжилгээг хийж байгаа учир нь зөвхөн цацраг идэвхт ашигт малтмал бус, ураны бус аливаа ашигт малтмал олборлох үед газар, хөрс, чулуулагт олон сая, тэрбум жилийн туршид харьцангуй битүү байдлаар агуулагдаж байсан байгалийн гаралтай цацраг идэвхт бодис нь чөлөөлөгдөх, их хэмжээгээр агуулагдаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний нэмэлт цацрагийн нөлөөлөл, шарлага үүсгэх эрсдэлийг бий болгодог. Жишээлбэл, дэлхийн зарим улс орнуудын ижил төстэй зэсийн уурхайнууд болох Bingham Canyon, Twin Butte, Chuquicamata, Kvanefjeld зэрэг зэсийн порфирийн төрлийн ордуудад ураны ашигтай агуулга илэрч, улмаар маш бага агуулгатай, их нөөцтэй дагалдах ашигт малтмал болж, цацраг идэвхт бодис, изотопууд байгалийн хэвийн дундаж утгаас хэт дахин илүү хэмжээтэй илэрсэн байдаг. Энэ нь тухайн уурхайд ажиллаж буй ажилтнуудад нэмэлт цацрагийн шарлага үүсгэх, эцсийн бүтээгдэхүүн нь цацраг идэвхт бодисын агуулгатай буюу чанарын болон аюулгүйн шаардлага хангахгүй болох зэрэг хүндрэл бэрхшээлийг үүсгэдэг. Үүн дээр мөн газар, хөрсөнд тухайн бүс нутаг, зэргэлдээ улс орнуудад олон жилийн өмнө хийж байсан цөмийн зэвсгийн туршилт, өмнө нь гарч байсан цөмийн болон цацрагийн осол зэрэг шалтгааны улмаас хуримтлагдсан зохиомол цацраг идэвхт бодис нэмэгдэж, тодорхой нөлөөлөл үүсгэнэ. Байгалийн болон зохиомол цацраг идэвхт бодисын насжилт нь тухайн цацраг идэвхт изотопын төрөл, түүний хагас задралын үеэс хамаарч хэдхэн секундээс хэдэн тэрбум жил хүртэл хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн цацраг идэвхт бодис, изотопын цацраг идэвхт чанар нь янз бүрийн хугацаанд хадгалагдана.

Иймээс Цацрагийн аюулгүйн албанаас санаачилж, үйлдвэрийн газрын хүдэр олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах технологийн үйл ажиллагааны хүрээнд олборлож буй хүдэр, исэлдсэн хүдэр, хоосон чулуулаг, карьерын орчмын хөрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, Хаягдлын аж ахуйн цагаан тоос, Дулааны цахилгаан станцад хэрэглэж буй нүүрс, нүүрсний шаталтаас гарч буй үнс, Засвар механикийн заводын металл хайлуулах зуухнаас ялгарч буй тоосны хатуу хаягдал зэрэг 10 төрлийн хатуу материалын болон карьерын зумпфны ус, овоолгын шүүрлийн (ногоон) ус, Хаягдлын аж ахуйн нуурын ус, төв усан сангаас гарах ус, хотын усан шахуургын станцаас гарах ус, карьерын эргэн тойрон байрлах 11 хяналтын цооногийн гүний ус зэрэг 16 төрлийн шингэн материалын дээжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори болон Монгол Улсын Их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв зэрэг итгэмжлэгдсэн, цацрагийн мэргэжлийн чиглэлийн 2 лабораторид тус тус илгээж, эдгээр материалд агуулагдаж буй байгалийн ба зохиомол цацраг идэвхт изотопын шинжилгээг жил бүр хийлгэж байна.

-Цацрагийн хяналт шинжилгээний үр дүн, тухайлбал байгалийн ба зохиомол цацраг идэвхт изотопын шинжилгээний явцад ямар дүгнэлт гарсан бэ? Жишээ нь, цагаан тоосны цацрагийн түвшин шинжилгээгээр ямар байгаа бол?

Бид 2019-2021 онд хийсэн шинжилгээний үр дүнг гаргасан байгаа. Энд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори болон Монгол Улсын Их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв зэрэг лабораториудад хийлгэсэн 8 төрлийн хатуу материал ба 4 төрлийн шингэн материалд агуулагдаж буй байгалийн ба зохиомол цацрагийн идэвхт изотопуудын шинжилгээний үр дүнгийн үнэлэлт, дүгнэлт бий.

Юуны түрүүнд цагаан тоос гэж онцолж асуусан учраас энэ чиглэлийн шинжилгээний хариултаас эхэлье. Тодруулж хэлбэл, Хаягдлын аж ахуйн цагаан тоос, Хаягдлын аж ахуйн нуурын усан дахь цацрагийн түвшин аюулгүй хэмжээнд байгаа нь шинжилгээний үр дүнгээр батлагдсан гэдгийг онцолъё. Учир нь нийгэмд цагаан тоос, нуурын усны цацрагийн түвшин нь маш өндөр байдаг гэх буруу ойлголт, ташаа мэдээлэл түгээмэл тархсан байдаг. Тэгэхлээр дээр дурдсан шинжилгээний үр дүнгээс харахад, цагаан тоосонд агуулагдаж буй байгалийн ба зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвх нь материалыг хяналтаас чөлөөлөх түвшинд буюу цацрагийн хяналтын байгууллагын аливаа хяналтаас бүрэн чөлөөлөгдөх, цацрагийн тусгай хяналт шаардагдахгүй, аюулгүй түвшин хэмжээнд байгаа бөгөөд радийн эквивалентын нийлбэр идэвхийн хэмжээ нь цацрагийн хамгийн өндөр шаардлага тавигддаг орон сууцны болон нийгэм ахуйн бүх барилга байгууламжийн барилгын материалд ашиглаж болох шаардлагыг бүрэн хангаж байна.

Мөн нуурын усанд агуулагдаж буй байгалийн ба зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийн хэмжээ нь цацрагийн хамгийн өндөр шаардлага тавигддаг ундны усны цацрагийн аюулгүйн болон зөвшөөрөгдөх хэмжээний шаардлагыг хангаж, материалыг хяналтаас чөлөөлөх түвшинд буюу цацрагийн хяналтын байгууллагын аливаа хяналтаас бүрэн чөлөөлөгдөх, цацрагийн тусгай хяналт шаардагдахгүй, аюулгүй түвшин хэмжээнд байгаа нь шинжилгээний үр дүнгээр тодорхой болсон.

-Зохистой түвшин, норм ямар хэмжээнд байгааг харуулсан тоон үзүүлэлт гарсан байх?

Тийм, бид шинжилгээний үр дүнг тоон үзүүлэлтээр харьцуулж гаргадаг. Жишээлбэл, Хаягдлын аж ахуйн цагаан тоосны хувьд түүнд агуулагдаж буй U-238 /уран-238/ болон Ra-226 /радий-226/ изотопуудын хамгийн их хувийн идэвх нь тус бүр 18 Бк/кг, Th-232 /торий-232/ изотопын хамгийн их хувийн идэвх нь 10 Бк/кг байгаа нь “Цацрагийн аюулгүйн норм”-д зааснаас 1000 Бк/кг-аас маш бага, К-40 /калий-40/ изотопын хамгийн их хувийн идэвх нь 806 Бк/кг байгаа нь “Цацрагийн аюулгүйн норм”-д зааснаас 10 000 Бк/кг-аас маш бага,  Cs-137 /цезий-137/ изотопын хамгийн их хувийн идэвх нь 1.1 Бк/кг байгаа нь “Цацрагийн аюулгүйн норм”-д 100 Бк/кг-аас маш бага байна. Цагаан тоосны радийн эквивалентын хамгийн их хэмжээ нь 99 Бк/кг байгаа нь “Цацрагийн аюулгүйн норм”-ын 12.1-т зааснаар түүнийг орон сууцны болон нийгэм ахуйн бүх барилга байгууламжид хэрэглэх барилгын материалд ашиглаж болно гэсэн үзүүлэлт шинжилгээгээр батлагдсан байдаг.

-Нүүрс, овоолгын ногоон ус зэрэгт хийсэн хяналт шинжилгээний хариуг тодруулахгүй юу?

Дулааны цахилгаан станцад хэрэглэж буй нүүрс нь дээр дурдсан шаардлагыг мөн хангаж байгаагаас гадна түүнд агуулагдаж буй U-238 (уран-238) байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвхийн хэмжээ нь “Цацрагийн аюулгүйн норм”-ын 12.2-т заасан бүх төрлийн өргөн хэрэглээнд хэрэглэж болох цацрагийн хамгийн өндөр шаардлага тавигддаг нэгдүгээр ангиллын буюу ахуйн хэрэглээ, эрчим хүчний станцад болон бусад зориулалтаар ашиглаж болох шаардлагыг бүрэн хангаж байна. Тэгэхээр нүүрсний шаталтаас үүсэж буй үнсний радийн эквивалентын идэвхийн хэмжээ нь “Цацрагийн аюулгүйн норм”-ын 12.1-т зааснаар тус үнсийг орон сууцны болон нийгэм ахуйн барилга байгууламжаас бусад төрлийн барилга байгууламжийн барилгын материалд ашиглаж болно гэсэн үг. Карьерын зумпфны ус, овоолгын шүүрлийн (ногоон) ус, Хаягдлын аж ахуйн нуурын ус, төв усан сангаас гарах ус зэрэг 4 төрлийн шингэн материалд агуулагдаж буй байгалийн ба зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийн хэмжээ нь “Цацрагийн аюулгүйн норм”, “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад зааснаар цацрагийн хамгийн өндөр шаардлага тавигддаг ундны усны цацрагийн аюулгүйн болон зөвшөөрөгдөх хэмжээний шаардлагыг хангаж, материалыг хяналтаас чөлөөлөх түвшинд буюу цацрагийн хяналтын байгууллагын аливаа хяналтаас бүрэн чөлөөлөгдөх, цацрагийн тусгай хяналт шаардагдахгүй, аюулгүй түвшин хэмжээнд байна.

-Эцэст нь, Монгол Улсын “Цацрагийн аюулгүйн норм” болон “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандарт”-ад дээрх байгалийн хатуу болон шингэн материалын цацрагийн зохистой түвшнийг юу гэж тодорхойлсныг тайлбарлаж өгнө үү?

Дээрх стандарт бичигт аливаа хатуу материалыг ямар нэгэн хязгаарлалтгүй чөлөөтэй ашиглах эсвэл цацрагийн хяналтын байгууллагаас олгох зөвшөөрлийн үндсэн дээр, түүний хяналтын дор ашиглах эсэх нь тус хатуу материалд агуулагдаж буй байгалийн ба зохиомол цацрагийн идэвхт изотопуудын хувийн идэвх нь материалыг хяналтаас чөлөөлөх түвшинд байгаа эсэхээс хамаарна. Хувийн идэвх нь материалыг хяналтаас чөлөөлөх түвшнээс хэтрэхгүй бол тухайн хатуу материалд аливаа цацрагийн тусгай хяналт шаардлагагүй, хүнд болон хүрээлэн буй орчинд цацрагийн аюулгүй, хязгаарлалтгүй чөлөөтэй ашиглаж болно гэж ойлгоно. Харин аль ч шингэн материалыг ямар нэгэн хязгаарлалтгүй чөлөөтэй ашиглах эсвэл цацрагийн хяналтын байгууллагаас олгох зөвшөөрлийн үндсэн дээр, түүний хяналтын дор ашиглах эсэх нь тус шингэн материалд агуулагдаж буй байгалийн цацрагийн идэвхт изотопуудын хувийн идэвх нь материалыг хяналтаас чөлөөлөх түвшинд байгаа эсэхээс хамаарна, хувийн идэвх нь материалыг хяналтаас чөлөөлөх түвшнээс хэтрэхгүй бол тухайн шингэн материалд аливаа цацрагийн тусгай хяналт шаардлагагүй, хязгаарлалтгүй чөлөөтэй ашиглаж болно гэж ойлгоно. Шингэн материалд агуулагдаж буй зохиомол цацраг идэвхт изотопуудад чөлөөлөх болон нормлох аливаа норм, хэмжээг тогтоодоггүй бөгөөд зөвхөн хүний хэрэглэх ундны ус, сүү, цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүнд байж болох зохиомол цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийн зөвшөөрөгдөх хэмжээг нормчилж заадаг. Хүний хэрэглэх ундны усанд мөн байгалийн цацраг идэвхт хийн буюу радоны хувийн идэвхийн аюулгүйн түвшнийг нормчилдог. Түүнчлэн, барилгын материал, мөн нүүрсний шаталтаас үүсэх үнсний, радийн эквивалентын нийлбэр идэвхийн хэмжээнээс тус барилгын материалын ашиглах зориулалт нь хамаарна, өндөр шаардлага тавигдах тусам буюу нийлбэр идэвх нь бага байх тусам тус төрлийн барилгын материалыг хүн, нийгмийн барилга байгууламжид илүү ашиглахыг зөвшөөрдөг. Нүүрсэнд U-238 (уран-238) байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвхийн хэмжээнээс тус нүүрсний ангилал, ашиглах зориулалт нь хамаарна, өндөр шаардлага тавигдах тусам буюу хувийн идэвх нь бага байх тусам тус төрлийн нүүрсийг ахуйн болон эрчим хүчний зориулалтаар илүү ашиглахыг зөвшөөрнө гэж стандартад тусгасан байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна